Өнөөдрийн Бельги улсын нутаг дэвсгэрт 10,500 орчим жилийн өмнө амьдарч байсан эмэгтэйн биеийн олдворыг судалсан эрдэмтэд ДНХ-ийнх нь тусламжтайгаар түүний царай төрхийг сэргээн босгожээ.
Гентийн Их сургуулийн судлаачдын тэргүүлсэн баг балар эртний энэ эмэгтэйг мезолитын үе буюу дунд чулуун зэвсгийн үед баруун Европт амьдарч байсан бусад хүмүүстэй харьцуулахад арай цайвар арьстай, бас цэнхэр нүдтэй байсныг тогтоосон байна.
Уг судалгаа нь тухайн үеийн Европын анчин-түүгч нийгмийн хүмүүс нийтээрээ ижил генетикийн бүтэцтэй байсан гэх өмнөх онолыг няцааж, янз бүрийн арьсны өнгө, төрх холилдсон байсан гэх дүгнэлтэд хүргэж байгааг Гентийн Их сургуулийн археологич, “Мезолитын үеийн Бельги” төслийн ахлагч Изабел Де Грут тайлбарлажээ.
“Гавлын яснаас нь бид түүнийг 35-60 настай байсан гэж үзэж байна. Тэр бас Чеддар хүнтэй (тухайн үед Британийн аралд амьдарч байсан бараан арьстай хүмүүс) төстэй өндөр хамрын гүүртэй байжээ. Эмэгтэй хүн мөртлөө хөмсөгний гүн зангилаатай байж” гэж Де Грут өчигдөр хэвлэлд ярьсан юм.
Балар эртний энэ эмэгтэйн биеийн үлдэгдлийг 1988-1989 онуудад Динант дахь Маргаусын агуйд явуулсан малтлагаар өөр найман эмэгтэйн үлдэгдэлтэй хамт илрүүлж байжээ.
Мезолитын үеийн ихэнх булшнуудад эрэгтэй, эмэгтэй хүмүүс, хүүхдүүдийн үлдэгдэл холилдсон байдаг тул энэ нь маш ховор олдвор байсан гэнэ.
“Сонирхолтой нь энэ булш агуйг хэдэн зуун жил ашиглаж байсан шинж илэрсэн бөгөөд нүүдлийн анчин-түүгч хэв маягаар амьдардаг байсан тухайн үеийн хүмүүсийн хувьд буцаж очдог дурсгалын газар байсан бололтой” гэж Де Грут ярьжээ.
Судалгаанд оролцсон археологичдын нэг Филипп Кромбе эмэгтэйн арьсны өнгө бага зэрэг гайхшируулсныг хэлсэн байна.
“ДНХ шинжилгээнд хамрагдсан Баруун Европын бүх олдворууд тэднийг нэг генетикийн бүлэгт хамрагдаж байсныг харуулдаг. Тиймээс энэ нээлт бага зэрэг гэнэтийн зүйл байлаа. Цаашдаа судалгаа өргөжихийн хэрээр үүн шиг өөрчлөлтүүд илэрнэ гэдэгт найдаж байна” гэж тэр ярьжээ.
Өмнөх ихэнх олдворуудыг малтах үед ДНХ-ийн судалгаа хангалттай түвшинд хөгжөөгүй байсан тул ийм боломж байгаа гэж тэр үзэж байна.
Эмэгтэйн гавлын яснаас маш сайн ДНХ-ийн дээж авч чадсан нь илүү нарийн дүр төрх сэргээх боломж олгосныг Кромбе тайлбарлажээ.
Мезолитын үед амьдарч байсан хүмүүс бол Баруун Европын сүүлчийн анчин-түүгч нийгмийн хүмүүс юм. Тэд зэрлэг ан амьтад, зэрлэг ургамал зэрэг байгалийн нөөцийг дагаж нүүдэллэн амьдардаг байжээ.
Одоо эрдэмтэд дээрх булшнаас олдсон хүмүүс хоорондоо ямар хамааралтай байсныг, ямар хоол хүнс хэрэглэдэг байсныг судлахаар төлөвлөж байгаа гэнэ.
Эх сурвалж: CNN
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!