Энэ сарын 27-нд Улаанбаатар хотод “Nomadic Fighting Championship” тулааны спортын дөрвөн төрөлт холбооны анхны тэмцээн болно.
Уг тэмцээнд ММА, кикбокс, муайтай, сабмишн грапплинг гэсэн төрлөөр есөн тулаан зохион байгуулагдахаар төлөвлөжээ.
Оргил тулаанд холимог тулаанч М.Нандин-Эрдэнэ NFC холбооны анхны аваргын бүсний төлөө кикбоксын төрлөөр Тайландын тамирчин Танавит Ликиттэй тулалдах юм.
Түүнчлэн Узбекистан, Киргизстан, Украин, Тайланд, Казахстан, Австралийн тулаанчид монгол тамирчдын эсрэг хүч үзнэ.
NFC холбооны талаар мэргэжлийн боксын дэлхийн аварга асан Д.Лхагва "NFC холбоо саяхан шинээр байгуулагдсан. Тус холбооны зөвлөхөөр нь ажиллаж байна. Тулааны спорт гэдэг бол ганц бокс биш. Олон төрөл байдгийг спорт сонирхогчдод таниулах зорилготой.
Бусад спортыг бодвол тулааны спорт нь байнгын бэлтгэл шаарддаг. Бэлтгэл сайн байж бэртэлгүй салдаг спорт. Миний хувьд мэргэжлийн боксод зүтгэж явсны хувьд залуучуудад зөвлөгөө өгнө" гэв.
“М банк арена”-д болох дөрвөн төрөлт тулааны тасалбарын үнэ ₮60 000 - ₮3 000 000 байх аж.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!