Ухаалаг гар утсыг импортын өндөр татвараас чөлөөлснөөсөө хойш хэдхэн хоногийн дараа Трамп дахин татвараар сүрдүүллээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2025 оны 4 сарын 15
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн долоо хоногийн сүүлээр АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп ухаалаг гар утас, компьютер зэрэг зарим электроник бараа бүтээгдэхүүнийг импортын өндөр татвараас чөлөөлөх шийдвэр гаргасан нь зах зээлд сайхан мэдээ болж байлаа.

Ингэхдээ Трампын засаг захиргаа уг шийдвэрээ дээрх бүтээгдэхүүнүүдийг АНУ-ын дотоодод үйлдвэрлэдэг болох хүртэл авч буй арга хэмжээ гэж тодотгосон юм.

Бямба гарагт АНУ-ын хил, гаалийн алба ухаалаг гар утас, компьютер болон бусад электроник төхөөрөмжүүд Хятад улсын бараа бүтээгдэхүүнд ногдуулсан 125 хувийн импортын татварт хамаарахгүйг мэдэгдэж байлаа

Гэвч Даваа гарагт Трамп дээрх мэдээлэл худал болохыг анхааруулаад тэдгээрийг татвараас чөлөөлөөгүй, харин “татварын шинэ ангилалд оруулахаар төлөвлөж байгаа” тухай мэдээлжээ.

“Бид удахгүй болох үндэсний аюулгүй байдлын татварын шалгалтын хүрээнд хагас дамжуулагчид болон электроникийн нийлүүлэлтийн бүхий л гинжин хэлхээг авч үзэх болно” гэж Трамп энэ талаар сошиал хуудсандаа бичсэн байна.

Электроникийн бүтээгдэхүүнүүдийг татвараас чөлөөлөх Трампын засаг захиргааны эхний шийдвэрийг гарсны дараа Хятадын худалдааны яам үүнийг АНУ-ын талаас гаргасан “жижиг алхам” гэж дүгнээд үр нөлөөг нь судалж байгаагаа мэдэгдэж байв.

Дэлхийн хамгийн том эдийн засагтай хоёр гүрэн харилцан нэг нэгнийхээ бараа бүтээгдэхүүнд 100 давсан хувийн өндөр импортын татвар ногдуулаад байгаа.

Одоогоор талуудын аль алинаас нь түрүүлж буулт хийх шинж тэмдэг ажиглагдахгүй байна.

Ням гарагт CBS сувгийн “Face the Nation” нэвтрүүлэгт оролцсон АНУ-ын худалдааны төлөөлөгч Жэймисон Грирээс ойрын үед Трамп Ши Жиньпинтэй утсаар ярих төлөвлөгөө байгаа эсэхийг асуухад “Одоогоор бидэнд ямар ч ийм төлөвлөгөө алга” гэж хариулжээ.

 

Эх сурвалж: BBC

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
12
Зураг
ХАХА
8
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
29 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг