Уншиж байна ...

“Дайн дуусахад маш хол байна” гэж Зеленский хэлснийг Трамп шүүмжлэв

Т.Давааням, ikon.mn
6 цаг 20 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Ням гарагт Лондон хотноо Украины ерөнхийлөгч Володимир Зеленский сэтгүүлчидтэй уулзах үеэрээ Оросын эзлэн түрэмгийлэх дайн дуусахад “маш хол байна” гэж хэлсэн нь АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампыг бухимдуулжээ.

Баасан гарагт Цагаан ордонд болсон ширүүн уур амьсгалтай уулзалтын дараа Киев, Вашингтоны харилцаа мөд сайжрах шинжгүй нь эндээс харагдаж байна.

“Энэ бол Зеленскийн хэлж болох хамгийн муу мэдэгдэл бөгөөд Америк үүнийг ийм удаан үргэлжлүүлэхийг тэвчихгүй” гэж Трамп өчигдөр өөрийн эзэмшлийн Truth Social хуудсандаа бичжээ.

Дараа нь тэр Цагаан ордонд сэтгүүлчидтэй уулзахдаа “Хэрвээ хэн нэгэн гэрээ байгуулахыг хүсэхгүй байгаа бол тэр хүн тийм удаан тэсэхгүй гэж би бодож байна. Түүний үгийг сонсох хүн удах тусам улам цөөрөх болно” гэж хэлсэн байна.

Ням гарагт Зеленский ярихдаа бас АНУ-Украины харилцааг хэвийн болгох хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн юм.

Дайныг дуусгах Европын шинэ санаачилгын тухай асуухад Зеленский “Бид өнөөдөр эхний алхмуудаа л ярилцлаа. Тиймээс тэдгээрийг цаасан дээр буулгах хүртэл би энэ талаар дэлгэрэнгүй ярихыг хүсэхгүй байна” гэж хариулжээ.

“Дайныг зогсоох хэлэлцээр байгуулахад маш хол байгаа бөгөөд одоогоор хэн ч ийм алхмыг эхлүүлээгүй байна” гэж тэр энэ үеэр хэлсэн юм.

Энэ үг Трампыг нэлээд бухимдуулсан бололтой.

“Би өмнө нь хэлж байсанчлан энэ залуу Америкийн дэмжлэгтэй энх тайван тогтоохыг хүсэхгүй байна. Зеленскийтэй уулзахдаа Европчууд ч бас АНУ-гүйгээр үүнийг хийж чадахгүйгээ тодорхой илэрхийлсэн. Энэ бол Оросын эсрэг хүчээ мэдрүүлэх гэсэн мэдэгдэл лав биш байх. Тэд ямар бодолтой байна вэ?” гэж тэр сошиал хуудсандаа бичжээ.

Үүний дараа Зеленский бас сошиал хуудсандаа хариу бичихдээ “Энэ дайныг аль болох хурдан дуусгахын тулд бид дипломат харилцаагаа бодитой болгохыг хичээх нь маш чухал. Бидэнд жинхэнэ энх тайван хэрэгтэй. Дайн манай хотуудыг сүйрүүлж, хүн ардыг хохироож байгаа тул украинчууд үүнийг хамгийн их хүсэж байгаа. Бид дайныг зогсоож, аюулгүй байдлаа хангах хэрэгтэй байна” гэсэн юм.

Өчигдөр Трампын холбоотнууд бас Зеленский дайныг дуусгах хүсэл сонирхолтой байгаа эсэхэд эргэлзэж байгаагаа илэрхийлцгээжээ.

Тухайлбал Даваа гарагт Fox News сувгийн American Newsroom хөтөлбөрт оролцохдоо Цагаан ордны үндэсний аюулгүй байдлын зөвлөх Майк Уолц “Дайныг зогсооход тэр хувь хүнийхээ хувьд, улс төрчийнхөө хувьд бэлэн  байна уу? Тэр шаардлагатай буултыг хийж чадах уу?” гэж ярьсан юм.

АНУ-тай тохиролцсон энхийн гэрээг үргэлжлүүлэхийн тулд Зеленский “нөхцөл байдлыг ухаарч, талархалтайгаар ширээний ард суух, эсвэл өөр хэн нэгэнд байраа тавьж өгөх хэрэгтэй” гэж Конгрессын төлөөлөгчдийн танхимын спикер Майк Жонсон бас мэдэгджээ.

Хэдийгээр Трампын засаг захиргаа өнөө маргаашгүй энхийн гэрээ байгуулж чадах мэт ярьж байгаа ч Оросын талд ийм хүсэл байгаа эсэх эргэлзээтэйг зарим судлаачид анхааруулж байна.

Тухайлбал АНУ-ын Үндэсний Тагнуулын Зөвлөлд Орос, Евразийн асуудал хариуцаж байсан, одоо Вашингтоны Брүүкингс Хүрээлэнд ажилладаг судлаач Анжела Стент “Путин дайныг дуусгахыг сонирхохгүй байгаа гэж би бодож байна. Тэр Орос ялж байгаа гэдэгт итгэж, хугацаа сунжрах тусам Өрнөдийн хагарал нэмэгдэнэ гэж бодож байгаа” гэж ярьжээ.

Баасан гарагт АНУ, Украины талууд ашигт малтмалын хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурах ёстой байсан ч Цагаан ордонд болсон хэрүүл маргааны дараа цуцлагдсан билээ.

Харин Трамп уг гэрээнээс татгалзах хүсэлгүй байгаагаа өчигдөр илэрхийлсэн байна.

Тэрбээр уг гэрээг “аугаа гэрээ” гэж нэрлээд Мягмар гарагт Конгрессын нэгдсэн чуулганд үг хэлэхдээ энэ талаар ярихаа амлажээ.

 

Эх сурвалж: Associated Press