Ням гарагт Лондон хотод чуулсан 18 улсын төр, засгийн тэргүүнүүд Украины дайныг дуусгах, тус улсыг Оросын эзлэн түрэмгийллээс хамгаалах дөрвөн зүйл бүхий төлөвлөгөөг баталсныг Их Британийн ерөнхий сайд Кэйр Стармер зарлажээ.
Чуулганд Украины ерөнхийлөгч Володимир Зеленский болон Европын орнуудын удирдагчдаас гадна Канадын ерөнхий сайд, Туркийн гадаад хэргийн сайд нар оролцсон юм.
Чуулганаас гаргасан төлөвлөгөөг сэтгүүлчдэд танилцуулахдаа Стармер “Бид өнөөдөр түүхийн уулзвар дээр зогсож байна” гэж хэлжээ.
Хамгийн сүүлийн зүйлд тусгасан эвсэлд одоогоор Их Британи, Франц улсууд орохоо мэдэгдээд байгаа бөгөөд АНУ болон бусад гуравдагч улсыг татан оролцуулах зорилт тавьжээ.
Стармер өчигдөр бас 5,000 гаруй агаарын довтолгооноос хамгаалах пуужин Украинд нийлүүлэх зорилгоор Их Британи улс 1.6 тэрбум фунт стерлингийн ($2 тэрбум) нэмэлт санхүүжилт олгох болсныг зарласан байна.
Өмнөх өдөр нь тус улс Оросын битүүмжлэгдсэн хөрөнгийн хүүнээс эргэн төлөгдөх 2.2 тэрбум фунт стерлингийн зээлийг Украинд олгох болсныг зарласан юм.
“Бид өмнөх алдаанаасаа суралцаж, Орос улс амархан зөрчих боломжтой сул гэрээ байгуулах ёсгүй. Шинээр байгуулагдах ямар ч гэрээ ардаа хүчний дэмжлэгтэй байх ёстой” гэж Стармер энэ үеэр хэлжээ.
Их Британи улс “газар дээр нь хөл тавих, агаарт нь онгоцоо нисгэх” амлалтаасаа ухрахгүйг тэр мэдэгдсэн байна.
Энэ нь Украины газар нутагт цэргийн хүч илгээх санаа бололтой. Стармер тодорхой нэр дурдаагүй ч одоогоор Их Британи, Франц улсууд энэ санал дээр нэгдсэн гэсэн мэдээлэл ирж байна.
“Европ гол ачааг үүрэх ёстой” гэж хэлсэн Стармер шинээр байгуулагдах аливаа гэрээнд АНУ-ын дэмжлэг хэрэгтэйг онцолжээ.
Энэ дэмжлэгийг олж авахын төлөө Трампын засаг захиргаатай хамтран ажиллахаа тэр амласан юм.
Мөн энэ гэрээнд Орос улс оролцох ч өөрийн нөхцөлийг тулган шаардах боломжгүйг хэлсэн байна.
Сэтгүүлчид Стармераас АНУ найдвартай холбоотон мөн эсэхийг асуухад “Баасан гарагт болсон үйл явдал бол хэн ч харахыг хүсээгүй зүйл. Гэхдээ би АНУ-ыг найдваргүй холбоотон гэж нэрлэхийн эсрэг байна. Тодорхой хэлье, бид Трамптай яаралтай энх тайван тогтоох шаардлагатай талаар санал нэг байгаа. Одоо бид үүнийг хамтдаа хэрэгжүүлэх хэрэгтэй” гэж хариулжээ.
Лондонд болсон чуулганд Франц, Польш, Швед, Турк, Норвеги, Чех, Дани, Герман, Нидерланд, Румын, Финланд, Итали, Испани, Канад улсуудын удирдагчид оролцсон юм.
Энэ үеэр Европын Комиссын ерөнхийлөгч Урсула фон дер Ляйен “Европыг дахин зэвсэглэх” шаардлагатайг онцолж байв.
Уг чуулган Европын орнууд Украины тэмцлийг үргэлжлүүлэн дэмжих чин хүсэл эрмэлзэлтэй байгааг харуулсан чухал үйл явдал болсныг НАТО-гийн ерөнхий нарийн бичгийн дарга Марк Рютте сайшаасан байна.
Эх сурвалж: BBC
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!