Уншиж байна ...

Цагаан ордонд болсон хямралын дараа Их Британи улс Украины ерөнхийлөгч Зеленскийд хааны хүндлэл үзүүллээ

Т.Давааням, ikon.mn
Өчигдөр 9 цаг 25 минут
iKon.MN
Зураг зураг

Цагаан ордонд АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп, дэд ерөнхийлөгч Жэй Ди Вэнс нартай хийсэн уулзалт нь ширүүн маргаанаар өндөрлөсөн Украины ерөнхийлөгч Володимир Зеленский өчигдөр орой Их Британи улсад айлчлан иржээ.

Лондонд түүнийг Вашингтоноос тэс өөр уур амьсгалтай угтаж авсан юм.

Өнөөдөр буюу Ням гарагт Британийн хаан Чарльз өргөөндөө Зеленскийг хүлээн авч уулзахаар болсон нь томоохон хүндэтгэлд тооцогдож байна.

Британийн ерөнхий сайд Кэйр Стармер өнгөрсөн Лхагва гарагт Вашингтонд айлчлахдаа Чарльз хааны урилгыг АНУ-ын ерөнхийлөгчид гардуулсан юм. Тиймээс энэ үйл явдал нь Их Британи улс Зеленскийд Трамптай ижил түвшний хүндлэл үзүүлж буйн илрэл болж байна.

Өнөөдөр бас Европын орнуудын болон Канад, Туркийн удирдагчид Лондонд цугларч, Украиныг дэмжих зорилготой тусгай чуулганд оролцохоор болжээ.

Өчигдөр орой Зеленскийг ирэхэд Британийн ерөнхий сайдын албан өргөө оршдог Даунинг Стрит гудамжинд Украиныг дэмжигчид олноор цугларсан байлаа.

Стармер өөрөө Зеленскийг тэдний өмнө угтан авч, өргөөндөө дагуулж орсон юм.

“Гадаа гудамжинд байгаа хүмүүсийн уухай түрлэгээс таныг Их Британи улс бүрэн дэмжиж байгаа нь харагдаж байна. Бид үргэлж Украинтай хамт байх болно” гэж Стармер энэ үеэр хүндэт зочиндоо хэлжээ.

Хариуд нь Зеленский түүнд болон Их Британийн ард түмэнд үзүүлж буй тусламж дэмжлэг, найрамдалт харилцааных нь төлөө талархал илэрхийлсэн байна.

Энэ үеэр Их Британийн засгийн газар Украины батлан хамгаалах салбарын хүчин чадлыг нэмэгдүүлэхэд зориулан 2.26 тэрбум фунт стерлингийн ($2.84 тэрбум) зээл олгох болсныг зарлажээ.

Уг зээлийн эргэн төлөлтийг Оросын битүүмжлэгдсэн хөрөнгийн хүүгээр буцааж төлөх юм байна.

Даунинг Стритийн 10 тоот хаалганы цаана 75 минут үргэлжилсэн хаалттай уулзалтын дараа ерөнхий сайд Стармер ерөнхийлөгч Зеленскийг автомашин хүртэл нь үдэж гаргасан юм.

Ням гарагт зохион байгуулагдах тусгай чуулганд оролцохоор өчигдөр орой Канадын ерөнхий сайд Жастин Трюдо бас Лондонд айлчлан ирсэн байна.

“Орос улс Украиныг зэрлэг балмадаар эзлэн түрэмгийлснээс хойш гурван жилийн дараа бид эргэлтийн цэг дээр ирлээ. Одоо бид Украиныг хамгийн сайн үр дүнд хүргэж, Европын аюулгүй байдлыг хамгаалж, хамтын ирээдүйгээ баталгаажуулахын төлөө нэгдэх цаг болжээ” гэж Кэйр Стармер мэдэгдсэн нь өнөөдөр болох чуулганы зорилгыг илтгэжээ.

Эх сурвалж: BBC, SkyNews