Уншиж байна ...

АНУ-ын хоёр дахь хувийн компани саран дээр судалгааны станцаа буулгаж чадлаа

С.Мөнхцэцэг, ikon.mn
Өнөөдөр 10 цаг 11 минут
iKon.MN
Зураг зураг

Ням гарагт Firefly Aerospace компани судалгааны станцаа саран дээр амжилттай буулгаж чадсан АНУ-ын хоёр дахь хувийн компани боллоо.

Жижиг оврын суудлын автомашины хэмжээтэй, дөрвөн хөлтэй Blue Ghost станц сарны дэлхий рүү харсан талын зүүн хойд буланд оршдог Mare Crisium нэртэй эртний галт уулын тогооны ойролцоо буужээ.

Уг станц НАСА-гийн шинжлэх ухааны туршилтыг явуулах 10 багаж тээвэрлэж яваа юм.

АНУ-ын Техас мужийн Остин хот дахь Firefly компанийн хяналтын төв Улаанбаатарын цагаар 16:35 цагт станц нь сарны гадаргуу дээр амжилттай буусныг зарлажээ.

Өнгөрсөн онд Хьюстон хотод төвтэй Intuitive Machines компани саран дээр Odysseus станцаа буулгаснаар ийм амжилт үзүүлсэн АНУ-ын төдийгүй дэлхийн анхны хувийн компани болж байлаа.

Өнөөдрийг хүртэл Зөвлөлт, АНУ, Хятад, Энэтхэг, Япон улсууд зөвхөн саран дээр судалгааны станц буулгаж чадсан байдаг.

Гэхдээ эдгээр нь бүгд засгийн газрын санхүүжилттэй төслүүд байсан юм.

Firefly компанийн станцын явуулах шинжлэх ухааны туршилтууд нь ирээдүйд НАСА-гийн сансрын нисэгчдийг саран дээр буулгах Артемис төслийн бэлтгэл ажлын нэг хэсэг ажээ.

Blue Ghost станцыг нэгдүгээр сарын 15-ны өдөр SpaceX компанийн Falcon 9 пуужингаар дэлхийгээс хөөргөсөн юм.

Энэ пуужингаар бас тавдугаар сард саран дээр буух төлөвлөгөөтэй Японы станц хөөрсөн байна.

Blue Ghost станц гуравдугаар сарын 14-ний өдөр тохиох нарны хиртэлтийн (дэлхийн сүүдэр нарны гэрлээс сарыг халхлах үзэгдэл) өндөр нарийвчлалтай гэрэл зургийг буулгахаар төлөвлөжээ.

Агаар мандалгүй саран дээр станц буулгахад шүхэр хэрэглэх боломжгүй, оронд нь нарийн ажиллагаатай түлхэгч (хурд сааруулагч) ашигладаг тул инженерүүд, судлаачдын хувьд маш хэцүү сорилт болдог юм.

Blue Ghost станцыг саран дээр буулгах үйл ажиллагааны шууд дамжуулалтын дүрс бичлэг:

Эх сурвалж: AFP