АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп өөрийн улсын хоёр хөрш Канад, Мексикийн импортын бүх бараа бүтээгдэхүүнд 25 хувийн татвар оноож эхлэх хугацааг өнөөдөр буюу Мягмар гараг гэж өчигдөр зарлажээ.
Гуравдугаар сарын 4-ний өдрөөс хэрэгжиж буй энэ арга хэмжээг тэр АНУ-ыг чиглэсэн хууль бус цагаачид, мансууруулах бодисын урсгалтай холбон тайлбарласан байна.
“Мексик, Канадад боломж үлдсэнгүй. Татварын хэмжээг тогтоосныг та нар мэдэж байгаа. Энэ нь маргаашаас үйлчилж эхлэх болно. Одоо тэд уг татвараас зайлсхийхийн тулд автомашины үйлдвэрүүд болон бусад зүйлсээ АНУ-д шилжүүлэхээс өөр аргагүй болж байна” гэж Трамп өчигдөр Цагаан ордонд үг хэлэхдээ мэдэгджээ.
Трампыг хоёр хөршийнхөө эсрэг худалдааны дайн зарласны дараа өчигдөр АНУ-ын хөрөнгийн зах зээлийн гол индексүүд тус бүр хоёроос дээш хувиар унасан юм.
Трампын засаг захиргаа бас АНУ-ыг чиглэсэн фентанилын урсгалыг зогсоох арга хэмжээ аваагүй шалтгаанаар Хятадын бараа бүтээгдэхүүнд 10 хувийн нэмэлт татвар оноохоор бэлдэж байгаа.
Ингэвэл Хятадын бараа бүтээгдэхүүн АНУ-ын зах зээлд нэвтрэхдээ нийт 20-оос дээш хувийн татвартай болох юм.
Бээжингийн эрх баригчид хариу арга хэмжээ авахаар бэлдэж байгаа тухай Хятадын төв хэвлэлүүд мэдээлсээр байна.
Эндээс харвал удахгүй дэлхийн хамгийн том эдийн засагтай хоёр улсын хооронд худалдааны дайн эрчимжих төлөвтэй байна.
Хятадын төрийн төв хэвлэл “Global Times”-ийн мэдээлснээр хариу арга хэмжээ нь АНУ-ын хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэрлэлийн салбарыг чиглэх бололтой.
Импортын татвар нь талуудын худалдааны тэнцвэргүй байдлыг засварлаж, АНУ-ын дотоод үйлдвэрлэлийг хамгаалах арга хэрэгсэл гэж Трамп үздэг.
Канадын засгийн газар ийм татвар хоёр улсын эдийн засагт адилхан хохиролтойг удаа дараа анхааруулж, хэрвээ хэрэгжвэл өөрийгөө хамгаалах арга хэмжээ авахаа амлаж байсан.
Канадын худалдааны сайд Анита Ананд саяхан “Бид жолоогоо чанга атгаж байгаа. Ямар ч нөхцөлд бэлэн байна. Улс орныхоо эдийн засгийг ямар ч тохиолдолд хамгаалах болно” гэж CBC News сувагт ярьжээ.
Өнгөрсөн сард Канадын засгийн газар хариу арга хэмжээндээ хамруулахаар төлөвлөсөн Америкийн $30 тэрбумын дүнтэй бараа бүтээгдэхүүний жагсаалтыг зарласан юм.
Үүнтэй зэрэгцэн Канадын Хил Хамгаалалтын Алба фентанилын хууль бус урсгалыг таслан зогсоох арга хэмжээгээ чангатгаж байгааг зарлаад байна.
Гэхдээ АНУ-д нэвтэрсэн фентанилын ердөө нэг хувь нь Канадаас ирдэг гэсэн Вашингтоны албан ёсны тоо баримт байдаг.
Ням гарагт Лондон хотод Украины асуудлаарх дээд хэмжээний чуулганд Канадын ерөнхий сайд Жастин Трюдо оролцох үеэрээ АНУ-ын хууль бус фентанилын эх үүсвэр Канадтай хамаагүйг мэдэгдсэн юм.
Мексикийн ерөнхийлөгч Клаудиа Шэйнбаум өчигдөр тус улсын Колима хотод болсон арга хэмжээнд оролцохдоо “Хамтын ажиллагаа, хамтын зохицуулалт байж болно. Харин захиргаадалтыг хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй. Мексик улсыг хүндлэх ёстой” гэж мэдэгдсэн байна.
Тэрбээр бас АНУ-ын эсрэг ижил тэнцүү хариу арга хэмжээ авахаа эртнээс анхааруулж байсан юм.
Трампын худалдааны дайн цааш үргэлжлэхээр байгаа.
Тэрбээр АНУ-ыг чиглэсэн бүх ган, хөнгөн цагааны импортод 25 хувийн татвар оноохоо мэдэгдсэн нь энэ сарын 12-ны өдрөөс хэрэгжих төлөвтэй байна.
Трамп бас АНУ-ын бараа бүтээгдэхүүнд импортын өндөр татвар оноодог дэлхийн улс орнуудын жагсаалтыг гаргах үүрэг өгч, тэдний эсрэг ижил тэнцүү хариу арга хэмжээ авахаар судалж эхэлснээ зарласан.
Мөн өөрийн улсын хамгийн том түнш Европын Холбооны бараа бүтээгдэхүүнд 25 хувийн импортын татвар оноохоор сүрдүүлээд байгаа билээ.
Эх сурвалж: BBC
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!