Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/01/15-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Намир: Цэцэрлэгт дохионы хэл зааж, сургуульд зөвхөн бичүүлдэг гажуудал байна

Д.Гэрэлцэцэг
2014 оны 1 сарын 15
Зууны мэдээ
Зураг зураг

Манайд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд тэр дундаа 0-3 насны сонсголгүй хүүхдийн сургалтын хөтөлбөр төдийлөн нарийн, тодорхой байдаггүй. 

АНУ-ын Галаудетын их сургуулийг дүлий боловсрол, тэр дундаа 0-3 насны сонсголын бэрхшээлтэй хүүхдийн сургалт гэсэн нарийн мэргэжлээр магистрын зэрэг хамгаалсан Б.Намираатай ярилцлаа. 

-Та одоо мэргэжлээрээ ажиллаж байна уу? 
-МУБИС-д тусгай хэрэгцээт боловсролын хичээл заадаг. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг хэрхэн хөгжүүлэх талаар гэсэн үг. Би эхээс төрөхдөө эрүүл, сонсголтой төрсөн ч 12 настайдаа хүнд өвчин тусч сонсголгүй болсон. Тэгээд 14 настайдаа Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн 29 дүгээр сургуульд элссэн юм. Энэ үеэс эхлэн дохионы хэлийг сурсан. Сонсголгүй хүүхдийн зовлонг мэддэг болохоор тэдэнд туслахын тулд энэ мэргэжлийг сонгосон.

-Та АНУ-ын Галаудетын их сургуульд Монголд байдаггүй нарийн мэргэжлийг эзэмшсэн байна. Олон улсын туршлагаас харахад сонсголгүй хүүхдийн боловсролд хэдэн наснаас нь эхэлж анхаардаг юм бэ? 
-АНУ-ын Галаудетын их сургууль нь дэлхийн дүлий хүмүүсийн боловсрол эзэмшдэг ганц сургууль. Энэ сургуульд 70 гаруй орны оюутан боловсрол, мэргэжил эзэмшдэг гэж хэлж болно. Галаудетын их сургуульд Канад, Кени зэрэг улсын парламент, Засгийн газрын гишүүн сурч төгссөн. Гадаадын улс орнуудын парлемантад дүлий хүмүүсийн төлөөлөл заавал байдаг. Ингэснээр тэд сонсголгүй хүмүүсийг төлөөлөн оновчтой хууль батлуулж чаддаг. 

Тухайлбал, Кени улсын парламентийн гишүүн төрөлхийн дүлий төрсөн Никсон Какири сурч төгссөн. 150 жилийн түүхтэй энэ сургуульд 2000 орчим сонсголгүй хүн суралцдаг. Дүлий хүүхдийг өөрийнх нь боломж чадлаар хэрхэн хөгжүүлж жирийн хүүхэд сурч боловсрох тэр төвшинд хүргэх нарийн арга, техникийг тэнд заадаг. 

Мөн дохионы хэл, хэл шинжлэл, боловсролын арга зүйн мэргэжлийн хичээл заадаг нь бидэнд хэрэгтэй байдаг. Зарим улсын парламентын гишүүд, удирдах албан тушаалтнууд ч суралцдаг.

Олон улсын туршлагаар хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг 0-3 анхаарч, тэднийг энэ насанд нь хөгжүүлэхийг илүүд үздэг. Хөгжлийн бэрхшээл гэдэгт бие бялдар, хэл яриа, сонсголгүй хүүхэд гээд тус бүрт нь авч үздэг. Харин манай боловсролын салбарын ойлголт энэ чиглэлд тааруухан байна. 

-Манайд сонсголын бэрхшээлтэй хүүхдийг хөгжүүлэхэд юуг анхаарах хэрэгтэй байна вэ? 
-Сонсголгүй хүүхдийн боловсролд анхаарсан бодлого хэрэгжүүлэхдээ олон улсын туршлагыг судлах нь зөв. Тухайлбал, 0-3, 3-6 насныханд зориулсан цэцэрлэг болон 6- 12 насны хүүхдийн сургуультай байх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, боловсролын цогц системгүй байна. Сонсголгүй хүүхэд 186 дугаар цэцэрлэгт дохионы хэлээ сайн сурдаг. Харин 29 дүгээр сургуульд элсэхэд багш нар нь дохионы хэлээр ярихыг хориглож зөвхөн бичих хэрэгтэй гэж үздэг. Тиймээс долоон настай хүүхдийг харахад том боловч түүний оюун ухааны хөгжил нэг настай хүүхдийнхтэй адилхан байдаг. Тэд дохионы хэл мэдэхгүй учраас өөртөө хэрэгтэй мэдээллээ авч чаддагүй, хөгждөггүйгээс хүүхэд хохирч, боловсрол эзэмшиж чаддаггүй.

-Сонсголын бэрхшээлтэй хүүхдийн хэл яриа, бичгийн чадвар муу байх нь бий. Үүнийг сайжруулахын тулд боловсролын салбар хэрхэн анхаарах ёстой бол? 
-Жирийн хүүхэд эхээс төрөөд орчиндоо дасан зохицож, аяндаа эх хэлээ сурдаг. Харин сонсголгүй хүүхдийн хувьд хэлээ сурах арга нь дохионы хэл байдаг. Тиймээс манайд сонсголгүй хүүхдийг 0-3 насанд нь анхаарч дохионы хэл сургаж чадвал цаашид жирийн хүүхэдтэй адил сурч боловсрох үндэс нь сайн тавигддаг. Ийм төрлийн сургалттай байгууллага нэгийг ч гэсэн байгуулах хэрэгтэй. 

-Манайд хэдэн насанд нь дохионы хэлийг заадаг юм бэ? 
-Хүүхэд 0-5 насандаа эх хэлээ болон бусад зүйлийг сурах чадвар нь их байдаг. Гэтэл 29 дүгээр сургууль нь сонсголгүй хүүхдүүдэд 6-7 насанд нь хэл заадаг. Өөрөөр хэлбэл, хүүхэд хэл сурах наснаасаа өнгөрсөн үед нь сургах болдог. Ер нь 0-3 насандаа сурч чадаагүй бол бүх насаараа сурахгүй байх аюултай гэж судлаачид үздэг. Сонсголгүй хүүхдийн гол хэрэглэгдэхүүн нь дохионы хэл. Хэрэв дохионы хэл сураагүй бол боловсрол эзэмшиж чадахгүй. Гадаадын их, дээд сургуульд дохионы хэлээр л хичээл заадаг. 

Манай цэцэрлэг, сургуулийн аль алинд нь дохионы хэлийг хэрэглэх зайлшгүй шаардлагатай. 

-Сонсголын бэрхшээлтэй хүүхдийн хувьд дохионы хэл сурах чухал хэрэгсэл нь мөн үү? 
-АНУ-д сонсголын бэрхшээлтэй хүүхдийн боловсролд анхаарах хуулийн заалт нарийн байдаг. Тиймээс хүүхдүүд нь өндөр боловсрол эзэмшиж, нийгэмд голлох үүрэгтэй оролцдог. Мөн хүүхдийг төрсний маргааш нь сонсголын бэрхшээлтэй эсэхийг оношлодог. Дэлхийн бүх улсад сонсголын бэрхшээлтэй хүүхдийг цэцэрлэг, сургууль бүх үе шатанд нь дохионы хэлээр харилцдаг. 

Манайд дохионы хэлийг хэл биш зангаа гэж үздэг. Монгол Улс амны хайрцгаар унших дүрмийг баримтлана гэж үздэг. Манайх цэцэрлэг, сургуулийн уялдаа холбоогоо нарийн сайн болгох хэрэгтэй. Тухайлбал, АНУ- д сонсголын бэрхшээлтэй хүүхдийг хоёр, гурван сартайгаас нь дохионы хэлний сургалтад хамруулдаг. Энэ сургалтад явсан хүүхэд дохионы хэлээр долоо, найман сартайдаа ярьж эхэлдэг. Бүр хоёроос гурван үг хэлдэг. Жишээ нь, энэ мод, тэр арслан гэх мэт. Хүүхэд дохионы хэлээр нэг үг хэлэхэд цаанаа 500 үгийн баялагтай, хоёр үг хэлэхэд 1000 үг хэлэх чадвартай байна гэж эрдэмтэд үздэг.

Зураг