Уншиж байна ...

АНУ-ын томоохон даатгалын компанийн гүйцэтгэх захирал Нью-Йорк хотод буудуулж алагджээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2024 оны 12 сарын 5
iKon.MN
Зураг зураг

Лхагва гарагийн өглөө UnitedHealth группийн эрүүл мэндийн даатгал хариуцсан салбар компанийн гүйцэтгэх захирал Брайан Томпсон бусдад буудуулж алагдсаныг Нью-Йорк хотын цагдаагийн газар мэдээлжээ.

Уг хэрэг тус компанийн хөрөнгө оруулагчдын чуулган болох гэж байсан Манхэттэн дүүргийн зургаадугаар өргөн чөлөөний Хилтон зочид буудлын гадаа өглөөний 6:40 цагийн орчимд гарсан байна.

Томпсоныг ойролцоох эмнэлэгт хүргэсэн ч удалгүй амьсгал хураажээ.

Цагдаа нар аллага үйлдсэн этгээдийг эрэн сурвалжилж байна. Саарал юүдэнтэй цамцтай, дугуй унасан этгээдийн хяналтын камерт бичигдсэн зургийг цагдаагийн газар нийтэд тарааж, мэдээлэл өгвөл шагнахаа амлажээ.

зураг
 

UnitedHealthcare нь АНУ-ын хамгийн том эрүүл мэндийн даатгагч бөгөөд олон арван сая америк хүнд үйлчилдэг. Тус компани эрүүл мэндийн даатгалд төлдөг мөнгөний хэмжээгээрээ дэлхийд тэргүүлдэг юм.

“Үүнийг тохиолдлын аллага биш гэж үзэж байна. Сэжигтэн хохирогчийг нэлээд хэдэн минут хүлээсэн шинжтэй байна” гэж Нью-Йорк хотын цагдаагийн газрын комиссар Жессика Тиш мэдэгджээ.

UnitedHealth группийн мэдэгдэлд “Брайан бол хамтран ажилладаг бүх хүмүүстээ маш их хүндлэгдсэн нэгэн байсан юм. Бид Нью-Йорк хотын цагдаагийн газартай нягт хамтран ажиллаж байгаа бөгөөд энэ хүнд цаг үед та бүхнээс тэвчээртэй байхыг хүсэж байна. Брайаны гэр бүл болон ойр дотны хүмүүст бид гүн эмгэнэл илэрхийлье” гэсэн байна.

зураг
 

UnitedHealthcare компанийн хөрөнгө оруулагчдын чуулган өглөөний 9:00 цагт эхлэхээр байсан нь хойшлогджээ.

Томпсон нь 2021 оны дөрөвдүгээр сард UnitedHealthcare компанийн гүйцэтгэх захирлаар томилогдож байсан юм. Тэрбээр 2004 оноос эхлэн тус компанид ажиллаж байжээ.

АНУ-ын эрүүл мэндийн систем сүүлийн жилүүдэд иргэдийг нэлээд бухимдуулах болсон тул эрх баригчид шинэ төрлийн даатгал нэмж, урьдчилан сэргийлэх үйлчилгээг хамруулж, даатгалын компаниудын ашгийн түвшний дээд хязгаарыг тогтоосон “US Affordable Care Act” хуулийг баталж байв.

 

Эх сурвалж: Reuters