Баасан гарагийн шөнө Нидерландын Амстердам хотод Израилийн хөл бөмбөгийн багийн хөгжөөн дэмжигчид халдлагад өртжээ.
Амстердамын гудамжинд Маккаби Тель Авив клубын хэдэн зуун хөгжөөн дэмжигчид рүү хэсэг хүмүүс дайрч, жүүдийн эсрэг үзэлтэй хараал, зүй бус уг хэллэг хашхирч байгаа нь сошиал орчинд тарсан дүрс бичлэгт бичигдсэн байна.
Энэ үеэр цагдаа нар Израилийн иргэдийг хамгаалж, зочид буудалд нь хүргэх өгсөн тухай Амстердам хотын захирагч Фемке Халсема мэдээлжээ.
Мөргөлдөөний үеэр таван хүн гэмтсэнийг эмнэлэгт хүргэсэн байна.
Энэ үйл явдлын дараа Израиль улс иргэдээ татаж авахаар иргэний агаарын тээврийн хоёр нисэх онгоцыг Амстердам руу илгээжээ.
2023 оны аравдугаар сарын 7-нд Израилийн арми Газын зурваст дайн эхлүүлснээс хойш Нидерландад антисемитист үзэл нэмэгдэж, жүүд иргэд, байгууллагууд сүрдүүлэг заналхийлэлд өртөх болсон гэдэг.
Израилийн хөгжөөн дэмжигчдийн эсрэг халдлага Маккаби Тель Авив, Аяакс Амстердам клубүүдийн тоглолтын дараа болсон байна.
Нидерландын ерөнхий сайд Дик Шуф уг халдлагыг зэмлэн буруушаасан утгатай мэдэгдэл гаргажээ.
Тэрбээр Израилийн ерөнхий сайд Бенжамин Нетаньяхутай утсаар ярихдаа гэм буруутай этгээдүүдийг олж шийтгэхээ амласан байна.
Исламын эсрэг үзэлтэй улс төрч Герт Вилдерс “Ийм зүйл Нидерландад тохиолдсонд ичиж байна” гэж мэдэгджээ.
Израилийн хөгжөөн дэмжигчдэд халдсан этгээдүүд Палестиныг дэмжигчид байсан байна.
Тэднээс 62 хүнийг Нидерландын цагдаа баривчлан саатуулжээ.
Газын зурваст дайн эхэлсний дараа Европ болон АНУ даяар жүүд, араб хүмүүсийн аль алиных нь эсрэг халдлага, хүчирхийлэл нэмэгдээд байгаа.
Энэ оны гуравдугаар сард Амстердам хотод Холокостын шинэ музейг нээх үеэр Палестиныг дэмжигчид үймээн самуун дэгдээж байв.
Газын дайны турш 43,000 гаруй палестин хүн алагдаж, 102,000 орчим хүн шархадсан гэх Хамасын засаг захиргаанаас гаргасан тоо бий.
Өнгөрсөн оны аравдугаар сарын 7-нд Палестины Хамас зэвсэгт байгууллагын гишүүд Израилийн нутаг дэвсгэрт халдахдаа 1,200 орчим хүний амийг хөнөөж, 250 гаруй хүнийг барьцаалсан гэдэг.
Эх сурвалж: Reuters
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!