Уншиж байна ...

"Сувилагч, эх баригчдыг ур чадвараас нь шалтгаалан үнэлэх системийг хэрэгжүүлнэ"

Э.Тэмүүлэн, iKon.mn
2024 оны 11 сарын 8
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Эрүүл Мэндийн Яам (ЭМЯ), Эрүүл Мэндийн Хөгжлийн Төв (ЭМХТ) болон ЖАЙКА-гийн монгол дахь төлөөлөгчийн газар хамтран зохион байгуулж буй төслийн үр дүнгийн талаар өнөөдөр хэлэлцлээ.

Монгол Улсын Засгийн газар, Японы Засгийн газартай хамтран ЖАЙКА-гийн шугамаар 2015 оноос хойш төсөл хэрэгжүүлж эхэлсэн юм. Эхний төслийн үр дүнгээс шалтгаалан 2021 оноос эхэлж "Эмч, сувилагчдын төгсөлтийн дараах сургалтыг сайжруулах төсөл" арга хэмжээг зохион байгуулсан. 

Төслийн хүрээнд "Эх барихуйн сургагч багш бэлтгэх", "Сувилахуйн сургагч багш бэлтгэх" болон ерөнхий мэргэшил судлал чиглэлээр сургалт эрхлэх зөвшөөрөлтэй 15 байгууллага, зөвшөөрөл авахаар бэлтгэл хангаж буй зургаан байгууллагын удирдлага, сургалтын алба, эмнэлзүйн сургагч багш, суралцагчдыг бэлтгэж буй юм.

Иноүэ Нобүаки: Орон нутагт ажиллах эмч, сувилагчдыг бэлтгэх нь төслийн гол зорилго

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Энэ төслийн талаар ЖАЙКА-гийн төслийн ахлах зөвлөх Иноүэ Нобүаки "Энэ төслийн гол зорилго нь эмч, сувилагчийн мэргэжилтнүүдийг тухайн орон нутагт нь бэлдэхэд чиглэсэн. Ингэснээр орон нутгийн эмнэлэг, тусламж үйлчилгээний чадамж сайжрах давуу талтай.

Манай байгууллага 2015 оноос хоёр үе шаттай төсөл хэрэгжүүлсэн. Эхнийх нь анхан болон хоёр дахь шатлалын эмч нарын ерөнхий мэдлэгийг дээшлүүлэх сургалтыг гурван жилийн хугацаатай хийж дуусгасан. Үргэлжлүүлэн энэ хөтөлбөрөө орон даяар өргөжүүлэх, мөн 2021 оноос "Эмч, сувилагчдын төгсөлтийн дараах сургалтыг сайжруулах төсөл" зохион байгууллаа.

Энэ хүрээнд сувилагч, эх барихуйн сургалтын хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлсэн. Гурван жилийн хугацаанд 200 гаруй мэргэжилтэн энэ сургалтад хамрагдсан юм.

Төслийн үр дүнд сэтгэл хангалуун байна. Төсөл амжилттай хэрэгжихэд ЭМЯ, ЭМХТ болон орон нутгийн эмнэлгийн байгууллагын оролцоо их байлаа" гэж онцолсон.

Б.Отгончимэг: Төгсөлтийн дараах сургалтыг удирдах сургагч багш нарыг бэлтгэснээр мэргэжилтнүүд багшлах боломж бүрдэнэ

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Мөн ЭМХТ-ийн Хүний нөөцийн хөгжлийн албаны дарга Б.Отгончимэг "Эхний шатны сургалтыг орон нутагт илүү нутагшуулах зорилгоор 15 байгууллагад төслийг хэрэгжүүлсэн. Энэ 15 байгууллагаас долоо нь аймгийн нэгдсэн эмнэлэг, гурав нь дүүргийн нэгдсэн эмнэлэг байв.

Сувилагчдын ур чадварыг сайжруулах чиглэлээр ЭМЯ-ны сайдын 2020 онд баталсан А450 гэх тушаалын дагуу сувилагчдын ур чадвар дээр үндэслэж 1-5 түвшинд үнэлж байна. 

Төгсөлтийн дараах сургалтыг удирдах сургагч багш нарыг бэлтгэснээр сургалтын чанар сайжирч, сургалт удирдах эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд багшлах чадамжтай болох юм.

Тодруулбал өмнө нь сувилагчийг эмч чиглүүлж, зааж сургадаг байсан бол одоо энэ чиглэлээр нь ажилласан туршлагатай мэргэжилтнүүд дараагийн үеэ бэлдэхэд оролцоно. 

Одоогоор үнэлгээний системийг сувилахуйн чиглэлийн дагуу байгууллагаар туршилтын журмаар хэрэгжүүлж байна. Туршилтын явцаас шалтгаалан ирэх оноос энэ системийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа" гэж ярилаа.