Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/10/01-НД НИЙТЛЭГДСЭН

Израилийн арми Ливаны нутаг дэвсгэрт хязгаарлагдмал хүрээнд хуурай замын байлдааны ажиллагаа эхлүүлжээ

Т.Давааням, ikon.mn
2024 оны 10 сарын 1
iKon.MN
Зураг зураг

Израилийн арми хөрш Ливан улсын нутаг дэвсгэрт хязгаарлагдмал хүрээнд хуурай замын байлдааны ажиллагаа явуулахаар болсныг АНУ-ын албаны эх сурвалж мэдээлжээ.

“Израилийн албаныхан хил орчмын бүс нутагт Хезболлагийн дэд бүтцийг чиглэсэн хуурай замын байлдааны ажиллагааг хязгаарлагдмал хүрээнд явуулж байгаагаа бидэнд мэдэгдсэн” гэж АНУ-ын төрийн департаментын хэвлэлийн төлөөлөгч Мэттью Миллер өчигдөр сэтгүүлчдэд мэдээлсэн байна.

Өчигдөр бас Израилийн зэвсэгт хүчин Ливаны нийслэл Бейрут хотын захын дүүрэгт удахгүй агаараас довтлох тул яаралтай нүүхийг иргэдэд анхааруулжээ.

Хэрвээ Израилийн тал Ливаны нутаг дэвсгэрт цэргээ оруулах шийдвэр гаргавал Хезболлагийн дайчид байлдахад бэлэн байгааг тус байгууллагын дэд тэргүүн Найм Кассем телевизээр мэдэгдсэн байна.

Тэрбээр Хезболлагийн удирдагч Насраллаг алагдсанаас хойш анх удаа өчигдөр телевизээр үг хэлсэн юм.

Хезболлатай харьцуулбал хүч сул Ливаны үндэсний арми хил орчмын нутгаас цэргүүдээ гэдрэг татаж байгаа талаар албаны эх сурвалж AFP агентлагт ярьжээ.

Даваа гарагийн өглөө АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден “Бид одоо гал зогсоох шаардлагатай байна” гэж хэлсэн нь Израилийн хуурай замын байлдааны ажиллагааг эсэргүүцэж буйн илрэл байлаа.

Газын зурваст Палестины Хамас зэвсэгт байгууллагын эсрэг дайтаж байсан Израилийн арми хоёр долоо хоногийн өмнөөс хөрш Ливаны нутаг дахь Хезболла зэвсэгт байгууллагын эсрэг агаарын довтолгоогоо эрчимжүүлсэн юм.

Өнгөрсөн Баасан гарагт Бейрут хотод явуулсан агаарын цохилтоор Хезболлагийн удирдагч Хассан Насраллагийн амийг хөнөөгөөд байгаа.

Өчигдөр Израилийн хойд бүс нутагт очсон батлан хамгаалахын сайд Йоав Галлант “Насраллагийн амийг хөнөөсөн нь чухал алхам байсан. Гэхдээ сүүлчийн үе шат биш. Бид өөрийн хил орчмын нутагт энх амгалан байдал тогтоохын тулд агаар, ус, газраар шаардлагатай бүх арга хэрэгслийг ашиглах болно” гэж мэдэгджээ.

Өнгөрсөн оны аравдугаар сарын 7-нд Газын зурваст дайн эхэлснээс хойш Ираны холбоотон Хезболла бага хэмжээний агаарын довтолгоонуудыг Израилийн хойд хилийн бүс нутагт байнга явуулж эхэлсэн юм.

Сүүлийн нэг долоо хоногт Израилийн армийн Ливаны нутаг дэвсгэрт явуулсан агаарын довтолгоонуудын улмаас хэдэн зуун хүн амиа алдаж, нэг сая хүртэл тооны хүн орон гэрээсээ дүрвээд байна.

Хариуд нь Хезболлагийн зэвсэгт хүчин Израилийн нутаг дэвсгэрт пуужин, нисгэгчгүй онгоцоор довтолсон ч цөөн тооны хүн шархадсанаас өөр хохирол учруулаагүй юм.

Өчигдөр Израилийн ерөнхий сайд Бенжамин Нетаньяху бүс нутгийг дайны ирмэгт түлхэж буй Иран улсыг шүүмжлэхдээ “Израилийн гар Ойрх Дорнодын хаана ч хүрч чадна” хэмээн анхааруулжээ.

Ираны дэглэм Палестины Хамас, Ливаны Хезболла, Йемений Хути зэрэг бүс нутгийн зэвсэгт байгууллагуудыг ивээн тэтгэж, санхүүжүүлдэг юм.

Тегераны эрх баригчид өмнө нь Насраллагийн аллага Израил улсад “сүйрэл” авчрахыг анхааруулж байв. Гэхдээ өчигдөр тус улсын гадаад хэргийн яам Израилийн армитай тулалдах цэргийн хүчийг Ливанд илгээхгүйгээ мэдэгджээ.

 

Эх сурвалж: AFP