Уншиж байна ...

Оросын шоронд бослого гаргаж, хүмүүсийг барьцаалсан дөрвөн хоригдлыг мэргэн буучид устгажээ

Т.Давааням, ikon.mn
2024 оны 8 сарын 24
iKon.MN
Зураг зураг

Баасан гарагт ОХУ-ын Волгоград мужийн Суровкино хотод оршдог шоронд хоригдлууд бослого гаргаж, хэсэг хүмүүсийг барьцаалсан байна.

Өөрсдийгөө Исламын Улс бүлэглэлийн гишүүд гэдгийг зарласан дөрвөн хоригдол шоронгийн найман ажилтан болон өөр дөрвөн хоригдлыг барьцаалаад байжээ.

Сошиал сүлжээнд нийтэлсэн дүрс бичлэгтээ тэд барьцааны хүмүүсийг болон алагдсан хүмүүсийг харуулж, өөрсдийгөө Исламын Улсын мужахидууд хэмээн танилцуулж байсан юм.

Хэсэг хугацааны дараа Оросын Үндэсний Гвардын тусгай хүчнийхэн барьцаалагдсан хүмүүсийг суллах ажиллагаа явуулж дууссаныг мэдэгджээ.

“Волгоград муж дахь Оросын Үндэсний Гвардын тусгай хүчний мэргэн буучид дөрвөн удаагийн оновчтой буудалтаар шоронгийн ажилтнуудыг барьцаалсан дөрвөн хоригдлыг аюулгүй болголоо. Барьцааны хүмүүс чөлөөлөгдсөн” гэж РИА агентлаг аюулаас хамгаалах байгууллагын эх сурвалжаас уламжлан мэдээлсэн байна.

Барьцааны хүмүүсийг чөлөөлөх үеэр хутганы шархтай шоронгийн дөрвөн ажилтны цогцсыг олжээ.

Оросын аюулаас хамгаалах хүчнийхэн Украины дайнд анхаарлаа хандуулаад байгаа энэ үед тус улсад исламистуудын халдлага нэмэгдэж байгаа.

Энэ оны зургаадугаар сард Ростов мужийн шоронд бослого гарч, ажилтнуудыг барьцаалсны дараа тусгай хүчнийхэн зургаан хоригдлыг устгасан юм.

Тухайн сарын сүүлээр Ар Кавказын бүс нутаг Дагестанд бас зэвсэгт халдлага гарах үеэр 20 хүн алагдаж байв.

Гуравдугаар сард Москва хотын Крокус Холл концертын танхимд Исламын Улс бүлэглэлийн гишүүд зэвсэгт халдлага үйлдэх үеэр 140 гаруй хүн алагдаж байлаа.

Энэ удаагийн бослого Оросын шоронгуудын харуул хамгаалалтын найдвартай байдалд эргэлзэхэд хүргэж байна.

Тухайлбал хоригдлууд хэрхэн хутгаар зэвсэглэсэн, үйлдлээ нийтэд харуулах гар утастай болсон зэрэг асуултууд гарч ирж байгаа юм.

Дүрс бичлэгт тэд гар хийцийн тэсрэх бөмбөгтэй хантааз, хутга, алх зэрэг зэвсэг харуулж байжээ.

Хоригдлууд эрх баригчдаас яг юу шаардсан нь тодорхойгүй байна. Бичлэгтээ тэд Орос улсад хаа сайгүй муслимууд гадуурхагдаж байгаа, шоронд муслим хоригдлуудтай ялгаатай харьцдаг тул ийм хатуу хариу арга хэмжээ авснаа ярьж байжээ.

Оросын хэвлэлүүдийн мэдээлснээр хоригдлууд Тажикистан, Узбекистаны иргэд байсан ба гурав нь хар тамхины хэргээр, нэг нь хүн амины хэргээр хоригдож байсан гэнэ.

 

Эх сурвалж: Reuters