Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/08/21-НД НИЙТЛЭГДСЭН

"Эмчийн ажлын ачааллыг хөнгөвчлөх, шинжилгээний хурдыг нэмэх, өөрчлөлтийг эрт үед нь найдвартай илрүүлэхэд хиймэл оюун ухааныг ашигладаг"

Н.Эрхбаяр, iKon.mn
2024 оны 8 сарын 21
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Интермед эмнэлгийн Эмчилгээ эрхэлсэн орлогч Э.Ундрах-Эрдэнэтэй дүрс оношилгооны салбарын онцлог, эмчилгээнд ашиглах нь яагаад чухал болох талаар ярилцлаа. 


- Эмчилгээнд дүрс оношилгоог ашиглах гэж юуг хэлж байна вэ. Бусад эмчилгээнээс юугаараа онцлог вэ?

- Дүрс оношилгооны салбарын олон улсын нэршил нь Радиологи. Бидний мэддэг ЭХО, Рентген, Компьютерт Томограф, MRI, Ангиограф зэрэг оношилгоо эмчилгээний олон багаж төхөөрөмжийг багтаасан салбар юм.

Радиологийн эмч болохын тулд Анагаах Ухааны сургуульд зургаан жил суралцдаг. Дараа нь төгсөлтийн дараах нарийн мэргэжлийн эмчийн резидентэд 2-3 жил сурна. Үүний дараа 1-2 жилийн төрөлжиж нарийссан радиологийн эмчийн сургалтыг дүүргэснээр мэдрэлийн, цээжний хөндийн, хүүхдийн гэх мэт төрөлжиж нарийссан радиологийн эмч болно.

Орчин үеийн оношилгооны багаж төхөөрөмжүүдийг ашиглаж, өвчтөний оношийг тодруулах ялангуяа ялган оношилгоог илүү сайн хийж өгдгөөрөө онцлогтой. Ингэснээр тухайн өвчтөн, үйлчлүүлэгчдэд эмчилгээ болон мэс засал хийх гэж буй эмч нарт хэрэгтэй мэдээллийг нь өгдөг чухал салбар юм.

Радиологийн салбарын гол онцлог нь анагаахын бүх салбар, чиглэлийн эмч нартай хамтарч ажилладаг. Ялангуяа ерөнхий радиологийн эмч цээж, уушги, зүрх, мэдрэл, хүүхэд, гэмтэл, хавдар зэрэг нарийн мэргэжлийн олон эмчтэй хамтран ажиллаж, өвчтөний оношилгооны зурагт дүгнэлт өгдөг.

- Та дүрс оношилгоо, эмчилгээний салбарт ажиллаад хэр удаж байгаа вэ? 

- Радиологийн эмчээр 18 жил ажиллаж байна. Үүнээс 2013-2018 онд Интермед эмнэлгийн Радиологийн тасгийн эрхлэгчээр ажиллаж байсан.

Дараа нь 2018-2024 онд Канад улсад мэдрэлийн радиологи, мэдрэлийн судас доторх оношилгоо эмчилгээний чиглэлээр сурч бас ажилласан. Энэ оны 7 дугаар сараас Интермед эмнэлгийн Эмчилгээ эрхэлсэн орлогч, Радиологийн тасгийн зөвлөх эмчээр ажиллаж эхлээд байна.  

"Канад болон Монголын эмнэлэгт хүний амь насыг аврахаар ашиглаж буй оношилгооны багаж төхөөрөмжүүд ижил түвшинд байна"

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

- Канад, Монголын эмнэлгүүдийн дүрс оношилгооны тоног төхөөрөмжид ялгаа байна уу. Манай улсын эмнэлгүүдийн дүрс оношилгооны салбарын тоног төхөөрөмж, боловсон хүчний чадвар хэр зэрэг хөгжиж байгаа вэ? 

- Тодорхой хэмжээнд ялгаа бий. Гэхдээ тоног төхөөрөмжийн хувьд том зөрүү байхгүй. Миний сурч ажиллаж байсан Торонто, Оттава болон Далхаузын их сургуулийн эмнэлгүүдийн CT, MRI, Ангиографийн ижил аппаратууд Монголд ч мөн адил байдаг.

Канад улс эдийн засгийн хувьд тогтвортой орон учраас эрүүл мэндийн салбарт гарч ирж буй оношилгооны шинэ тоног төхөөрөмжийг их сургуулийн эмнэлгүүддээ авч өгснөөр судалгаа шинжилгээ хийх тал дээр биднээс хамаагүй илүү. Харин хоёр улсын эмнэлэгт хүний амь насыг аврахаар өдөр тутамд ашиглаж буй оношилгооны төхөөрөмжүүдийн хувьд ижил түвшинд байна.

Оношилгооны аппарат тоног төхөөрөмжийн хувьд бид ямар нэгэн хоцрогдолгүй, хөл нийлүүлэн алхаж байна. Монголд ажиллаж буй радиологийн эмч нарын дийлэнх нь ерөнхий радиологийн эмч нар байдаг.

Цаашдаа дотроо төрөлжиж нарийссан радиологийн эмч нар болох шаардлагатай. Ингэснээр зургийн дүгнэлт ялган оношилгооны чанар сайжирна. Миний хувьд мэдрэлийн радиологи, мэдрэлийн судсан дотуурх оношилгоо, эмчилгээ гэсэн чиглэлээр төрөлжиж нарийссан. Цаашдаа энэ чиглэлээрээ түлхүү ажиллана. 

"40-өөс дээш насны хүмүүс өөрийн эрүүл мэнддээ анхаарч урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдсанаар аливаа өвчнийг эрт үед нь илрүүлж чадна"

- Та өөрийнхөө мэргэшсэн чиглэл болох мэдрэлийн дүрс оношилгооны талаар хүмүүст зориулж зөвлөгөө өгнө үү? 

- Монгол хүн бүрд эрүүл мэндийн үйлчилгээ авахад улсын, хувийн гэх мэт сонголт өргөн байгаа нь бусад орноос ялгагдах нэгэн давуу тал юм. Канадад ямар нэгэн эрүүл мэндийн асуудлаас болж тусламж авах шаардлага үүсэхэд эмчид үзүүлэх боломж амаргүй байдаг.

Учир нь анагаахын сургууль цөөн, эмч нарын тоо нь бага тул эмчид үзүүлэх нь тийм амархан асуудал биш. Жишээ нь манай гэр бүл Канадад амьдрах хугацаандаа өөрийн гэсэн өрхийн эмчтэй болохын тулд жагсаалтад орж, зургаан жил хүлээсэн ч болж чадаагүй.

Мөн нурууны MRI шинжилгээ хийлгэхэд дор хаяж 6 сар хүлээнэ гэх мэт эрүүл мэндийн салбарын ачаалал их, хүлээх дараалал нь урт байдаг.

Тэгэхээр манай улсад хувь хүн өөрийн болон ойр дотны хүмүүсийнхээ эрүүл мэндэд анхаарал тавьж, урьдчилан сэргийлэх хүсэлтэй бол хувийн, улсын олон эмнэлгүүд нээлттэй, сонголт их, мөн хүмүүст ойр болсон байна.

Энэ боломжийг ашиглаад заавал өвдсөнийхөө дараа биш урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах боломж нь нээлттэй байна. Ялангуяа 40-өөс дээш насны хүмүүс урьдчилан сэргийлэх ерөнхий үзлэгт биеэ оношлуулснаар ямар нэгэн өвчнийг эрт үед нь илрүүлж чадна.

Ингэснээр тухайн хүнээс гарах оношилгоо, эмчилгээний зардал болон сэтгэл санааны хохирол бага байна. Гэтэл бидний мөрөөддөг Америк, Канад зэрэг улсуудад манай улсад байгаа шиг боломж нь ховорхон зүйл юм.

- Интермед эмнэлэг дүрс оношилгооны тоног төхөөрөмжөөр дамжуулж өвчтөнд хэрхэн үйлчилгээ үзүүлдэг вэ. Бусад эмнэлгээс юугаараа давуу талтай вэ? 

- Интермед эмнэлэгт дүрс оношилгоонд хэрэгтэй бүх тоног төхөөрөмж байдаг. Тухайлбал Компьютерт Томограф аппарат хоёр, MRI аппарат гурав, ЭХО-ны аппарат 20 гаруй ширхэг байна.

Ийм тооны оношилгооны аппарат тоног төхөөрөмжтэй, 10 жилийн туршлага хуримтлуулсан, эмч нараа гадаадын их дээд сургуулиудад бэлтгэсэн эмнэлэг Монголд олон биш. Үйлчлүүлэгч яаралтай шинжилгээ хийлгэх шаардлагатай болсон тохиолдолд дараалалгүй, хурдан шуурхай, чанартай үйлчлэх чадавх, боломж нь бүрдсэн.

Жишээлбэл MRI шинжилгээ удаан үргэлжилдэг. Энэ үед яаралтай шинжилгээнд орох шаардлагатай үйлчлүүлэгч ирэхэд хоёр дахь аппаратаараа шинжилж, дараа дараагийн онош, эмчилгээндээ хурдан орох боломжтой болсон нь том давуу тал юм.

Мөн шинжилгээний мэдээлэл нь эмнэлгийн серверт 70 жил хүртэл хугацаагаар хадгалагдах тул та хэдийд ч ирж шинжилгээнийхээ хариу болон зургийг CD, хальсан дээр хэвлүүлэн авах боломжтой. Түүнчлэн өндөр хөгжилтэй орнуудын эмнэлгүүдээс оношны баталгаажуулалт авах бүрэн боломжтой. 

"Эмчийн ажлын ачааллыг хөнгөвчлөх, шинжилгээний хурдыг нэмэх, өөрчлөлтийг эрт үед нь найдвартай илрүүлэх, зургийн дүгнэлтийг чанартай гаргахад хиймэл оюун ухааныг ашигладаг"

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

- Эрүүл мэндийн салбар хиймэл оюун ухааныг үйл ажиллагаандаа ашиглах болсон. Интермед эмнэлгийн дүрс оношилгооны тасаг хиймэл оюун ухааныг эмчилгээндээ хэрхэн ашиглаж байна вэ?

- Радиологи нь анагаахын бусад салбартай харьцуулахад технологийн хөгжилтэй хамгийн ойр байдаг. Хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжүүд радиологийн салбарт эхэлж орж ирдэг.

Тэгэхээр манай тасаг орчин үеийн техник технологитой нягт холбоотой учраас хиймэл оюун ухааныг түлхүү ашигладаг. Манай тасгийн бүх аппарат дижитал технологид суурилсан тул шинжилгээний дүрст мэдээлэл болон дүгнэлтийг эмнэлгийн дотоод цахим сүлжээгээр дамжуулан эмчид тухайн агшинд нь хүргэдэг.

Интермед эмнэлгийн хувьд хиймэл оюун ухааныг зөвхөн онош тавихад л ашиглагдах ёстой гэж үздэггүй. Тухайн эмчийн ажлын ачааллыг хөнгөвчлөх, шинжилгээний хурдыг нэмэх, ялган оношилгоогоо сайжруулах мөн чанартай дүгнэлт гаргахад хиймэл оюун ухааныг илүү ашигладаг.

Одоогоор хиймэл оюун ухаанд суурилсан оношилгоо нь тухайн өвчтөнд илэрсэн өөрчлөлтийг эрт үед нь найдвартай илрүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж байгаа юм. 

Жишээ нь уушгинд үүссэн хавдрын зангилааг хүний нүд анзаарч харахааргүй жижиг байхад эсвэл тархины хурц харвалтыг эрт үед нь хиймэл оюун ухаанд суурилсан оношилгоогоор дамжуулж илрүүлэх боломжтой. 

Хиймэл оюун ухаанд суурилсан оношилгоо нь эмчийн ажлыг хөнгөвчлөх, үр бүтээмжийг нэмэгдүүлэх, тухайн хүнд очиж буй дүгнэлтийн чанарыг сайжруулахад чухал үүрэгтэй байна. 

 

- Ярилцсанд баярлалаа. 

 

Интермед төв эмнэлгийн Дүрс оношилгооны тасаг өдөр бүр 24 цаг ажилладаг бөгөөд үйл ажиллагаагаа өргөжүүлж, Соронзон Резонанст Томограф аппарат (MRI) болон Компьютерт Томограф аппарат (CT) нэмж суурилуулаад байна. 

•    Соронзон Резонанст Томограф (MRI)
•    Компьютерт Томограф (СТ)
•    Ангиограф (Angiography)
•    Хөхний рентген аппарат (Маmmography)
•    Рентген аппарат (DR)
•    Ясны сийрэгжилтийн аппарат (BMD)
•    Өнгөт, доплер эхо аппарат

Түүнчлэн Интермед Дархан клиник дээр MRI шинжилгээ хийж эхэлснээр орон нутгийн иргэдэд илүү ойртож, хамгийн сүүлийн үеийн өндөр хүчин чадалтай оношилгооны тоног төхөөрөмжийн тусламжтайгаар таны аюулгүй байдал, тав тухыг хангасан орчинд олон улсын стандартад нийцсэн чанартай оношилгоо, эмчилгээг хийж байна.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.