Уншиж байна ...

"Замын-Үүдээс даац хэтрүүлэн зөвшөөрөлгүй тээвэр хийвэл 9 сая хүртэл төгрөгөөр торгоно"

П.Зоригт, IKON.MN
2024 оны 8 сарын 6
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Замын-Үүдээс Улаанбаатар чиглэлийн авто замын төлбөр авах цэгийг Зам тээврийн хөгжлийн төв бүрэн цахимжуулжээ. Энэ хүрээнд наймдугаар сарын 5-наас жолооч, тээвэрчдээс бэлэн төлбөр авахыг зогсоосон байна.

Төлбөр авах цэгээр нэвтэрсэн тээврийн хэрэгслийн зам ашигласны хураамжийг И-Монголиа аппликэйшнээр дамжуулж төлбөрийн нэхэмжлэхийг жолоочид хүргэх аж. Харин тухайн тээврийн хэрэгсэл нь ezam.mn системээр бүх төрлийн банк, төлбөрийн хэрэгсэл ашиглан төлбөрөө төлөх үүрэгтэй.

Мөн ebarimt аппликэйшний хялбар цэсэд тээврийн хэрэгслээ бүртгүүлснээр цаашид төлбөр бэлнээр төлөхгүй, татварын буцаан олголтоос суутгуулах боломжтой.

Улс орны худалдаа, эдийн засаг, бүтээн байгуулалтад онц чухал үр нөлөөтэй Замын-Үүдээс ачаа тээврийг ачаалал үүсгэхгүйгээр, түргэн нэвтрүүлэх чиглэлийг Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан холбогдох албан тушаалтнуудад өгчээ. 

Үүний дагуу ийнхүү улсын хэмжээнд найм дахь иж бүрэн цахим төлбөр авах цэг ашиглалтад ороод байна. Замын-Үүдийн цахим төлбөр авах цэгийн хувьд том оврын тээврийн хэрэгсэл ихээр нэвтэрдэг бөгөөд жин даацын хяналттай холбоотой ачаалал, маргаантай асуудал маш их үүсдэг.

Тэгвэл төлбөр авах цаг цахим болсноор тухайн тээврийн хэрэгслийн жин даацын мэдээлэл цахим системд бүртгэгдэж хүний оролцоо бүрэн халагдаж байгаа юм. Ингэж цахим болсноор жин даацын хяналтыг хүн гүйцэтгэхгүй, тээврийн хэрэгслийг саатуулахгүй.

Тухайн тээврийн хэрэгсэл нь зөвшөөрснөөс илүү ачаа тээвэрлэсэн бол Засгийн газрын 2023 оны 222 дугаар тогтоолын дагуу илүү ачааны төлбөрийг тонн\км-ээр тооцож авто замд үзүүлсэн шууд хохирлыг нөхөн төлүүлэх арга хэмжээ авна гэдгийг онцолж байна.

Тухайлбал зөвшөөрсөн даацыг хэтрүүлж, маршрут зөрчин тээвэр хийсэн тохиолдолд тухайн хэтрүүлсэн ачааны хувь хэмжээнээс хамаарч 900,000-9,000,000 хүртэл төгрөгийн нөхөн төлбөр нэхэмжлэх ба төлбөрөө төлөөгүй тохиолдолд тээврийн хэрэгслийг дараагийн цэгт саатуулах, хөдөлгөөнд оролцохыг хориглох хүртэл арга хэмжээ авна.

Иймд тээвэрчид, жолооч нар даац хэтрүүлэхгүй тээвэр хийж, авто замаа хамтдаа хайрлан хамгаалж, цахим төлбөрөө төлөн хөгжил дэвшлийг дэмжиж, нутагшуулахад хамтран ажиллахыг уриалж байна.

Олон улс, улсын чанартай авто зам, замын байгууламж ашиглан зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс хэтэрсэн задрах боломжгүй ачаа тээвэрлэх тээврийн хэрэгслээс авах төлбөрийн хэмжээг танилцууллаа. 

Дээд хэмжээнээс хэтэрсэн ачаа тээвэрлэх тохиолдолд: 

 
зураг
 
зураг
 

 

Эх сурвалж: Зам, тээврийн хөгжлийн төв