Уншиж байна ...

Б.Гарьдмагнай: Сөрөг довтолгооноос гоол оруулахыг хичээнэ

Э.Тэмүүлэн, iKon.mn
2024 оны 9 сарын 9
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Монголын хөлбөмбөгийн шигшээ баг 2027 оны Азийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ААШТ)-ий урьдчилсан шатны хоёр дахь тоглолтын өмнөх хэвлэлийн бага хурал өнөөдөр боллоо.

19 дэх удаагийн ААШТ 2027 оны нэгдүгээр сард Саудын Араб улсад болох юм. Тус тэмцээнд 2019 оноос хойш шар тивийн 24 баг хүч сорих болсон. Энэ удаагийн урьдчилсан шатанд 46 улсын баг өрсөлдөж буй.

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Зүүн Тиморын шигшээ багийн ахлах дасгалжуулагч Симон Элисеч маргааш болох тоглолтын талаар "Балид болсон эхний тоглолтоос анзаарахад Монголын шигшээ багийн тамирчдын ур чадвар сайн байлаа. Хэдийгээр эхний тоглолтод хожсон ч Улаанбаатарт болох тоглолтын үр дүн хаашаа ч эргэх боломжтой тул үр дүнгээ хадгалахыг хичээнэ. Балид амьд зүлэгт тоглосон бол энд хиймэл зүлэгтэй. Тиймээс богино хугацаанд дасаж, сайн тоглохыг хичээнэ" гэсэн бол багийн ахлагч Жоа Педро "Дасгалжуулагчийн онцолсноор үр дүн хаашаа ч эргэх боломжтой тул сайн тоглохыг хүсэж байна. Бид өчигдөр Улаанбаатарт ирээд эхний бэлтгэлдээ гарсан. Ирэхэд цаг агаар дулаан байсан бол өнөөдөр хүйтэн байна. Тиймээс цаг агаарт дасах шаардлагатай" гэж ярилаа.

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Тэгвэл Монголын шигшээ багийн ахлах дасгалжуулагч Б.Гарьдмагнай "Өмнөх тоглолтын эхний хагаст 1:2-оор хожигдож байсан ч сүүлийн хагаст хамгаалалтад алдаа гаргаад нэмж хоёр гоол алдсан. Энэ удаагийн тоглолтод гоол оруулах шаардлагатай тул довтлох арга барилаар тоглоно. Гэхдээ хамгаалалтаа сул орхиж болохгүй. Тиймээс хамгаалалтаас сөрөг довтолгоо руу шилжихийг илүүд үзэж буй" гэж онцолсон бол шигшээ багийн ахлагч Х.Цэнд-Аюуш "Эхний тоглолтод оноо "зулгаах" зорилготой байсан ч санаснаар болсонгүй. Илүү хэцүү даалгавартай нутагтаа тоглох болсон ч энэ тэмцээний онцлог нь хоёр тоглолтын нийлбэрээр шийдвэрлэгддэг. Тиймээс хожлын төлөө илүү хичээнэ" гэв. 

ААШТ-д Катарын шигшээ баг хоёр жил дараалан түрүүлээд буй. Тэд 2019 онд Японыг, өнгөрсөн жил Йорданыг хожиж аваргалсан билээ. Катарчууд тус тэмцээнд гурав дараалан түрүүлсэн хоёр дахь баг болохыг хичээх нь ойлгомжтой. Өмнө нь 1968-1976 оны хооронд Ираны шигшээ баг гурав дараалан тэргүүлж байв.

ААШТ-ий хариу тоглолт маргааш буюу энэ сарын 10-ны 16:00 цагаас Монголын Хөлбөмбөгийн Холбооны талбайд болох юм.