Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/09/09-НД НИЙТЛЭГДСЭН

Нэг хүүхдийг хөнөөж, зургаан хүнийг гэмтээсэн жолоочийн эрхийг найман жилээр хасаж, хоёр жилийн хорих ял оноожээ

Н.Эрхбаяр, iKon.mn
2024 оны 9 сарын 9
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Чингэлтэй дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт "Toyota Prius" загварын автомашин "Hyundai Verna" загварын автомашинтай мөргөлдсөн осол энэ оны дөрөвдүгээр сарын 17-нд гарч, явганаар зорчиж байсан 9-14 насны зургаан хүүхэд, насанд хүрсэн нэг хүн мөргүүлсэн.

Тэгвэл уг хэрэгтэй холбоотой анхан шатны шүүхийн шийдвэр гарч, шүүгдэгч Т.О-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг найман жилийн хугацаагаар хасаж, хоёр жилийн хугацаагаар хорих ял оногдуулахаар болсон байна.

Шүүхийн шийдвэрийн тойм:

Тээврийн прокурорын газраас Т.О-д холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх энэ оны наймдугаар сарын 29-ний өдөр хянан хэлэлцэв.

Прокуророос шүүгдэгч Т.О-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь /Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих/ хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хүлээн авч,

Шүүхээс шүүгдэгч Т.О-г “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хоёр хүний эрүүл мэндэд хүнд хохирол, гурван хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, нэг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулж, нэг хүний амь насыг хохироосон” буюу Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Шүүгдэгч Т.О-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг найман жилийн хугацаагаар хасаж, хоёр жилийн хугацаагаар хорих ял оногдуулан шийдвэрлэв.

Гэмт хэргийн улмаас бусдад учирсан 164,398,151 төгрөгийн хохирлыг шүүгдэгч Т.О-с гаргуулан насанд хүрээгүй хохирогч нарын хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч нарт тус тус олгуулахаар шийдвэрлэв.

 

Тойм бэлтгэсэн: Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр