Яармагийн Арцатын аманд байрлах "Smart" олон улсын сургууль руу 10-20 залуу бүлэглэн халдаж, сурагчдын сурч боловсрох эрхийг зөрчсөн байна.
Тодруулбал энэхүү сургуулийн байгууламж дээр гавьяат жүжигчин, дуучин Т.Баясгалан өмчийн маргаан үүсгэсэн аж.
Улмаар сургуулийн үйл ажиллагааг удаа дараа доголдуулж, 700 гаруй хүүхдийн сурах эрхийг зөрчиж байгааг тус сургуулийн холбогдох мэргэжилтэн хэллээ.
Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан "Smart international school"-ийн холбогдох мэргэжилтнээс тодрууллаа.
-Өнөөдөр хичээл сургалтын үйл ажиллагааг доголдуулсан асуудал сургууль орчимд үүссэн гэсэн үү. Нөхцөл байдлын талаар мэдээлэл өгнө үү?
-Тийм ээ. Манайх Яармагийн Арцатын аманд үйл ажиллагаа явуулдаг. Шүүх дээр дуучин Т.Баясгалантай өмчийн маргаантай байгаа. Гэхдээ шүүх шийдвэрээ эцэслэн гаргаагүй.
Өнгөрсөн долоо хоногоос хойш ийм үйлдэл гаргасан. Өнөө өглөө хичээл сургуульдаа ирсэн сурагчдыг оруулахгүй дээр дурдсан асуудал үүсгэлээ.
-Үүнээс үүдэн хэчнээн сурагчийн эрх ашиг хөндөгдөж байна вэ?
-"Smart" сургууль 780 сурагчтай. Сургууль бол онцгой бүс, хүүхдүүд тайван орчинд сурч боловсрох эрхтэй.
-Үйл ажиллагаанд саад учруулж, хэдэн хүн нэвтэрсэн юм бэ?
-Тоог нь нарийн хэлж мэдэхгүй байна. Барагцаалбал 10-20 залуу байсан.
-Дуучин Т.Баясгалантай холбоотой өмчийн маргаан хэдэн оноос хойш үргэлжилж байгаа юм бэ?
-2024 оны дөрөвдүгээр сараас хойш үргэлжилж байна.
Манай сургууль хуулийн дагуу үйл ажиллагаагаа явуулж байгаа. Гэвч нөгөө талд хууль бус аргаар удаа дараа сургуулийн орчинд ийм үйлдэл гаргаж байна.
Сургуулийн тог таслах, үүдэнд хаяг өлгөх, цахимаар худал мэдээлэл тарааж эцэг, эхчүүдийг турхирах зэрэг асуудлыг удаа дараа гаргаж байгаа.
Өнөөдөр гаргасан үйлдэл бол үнэхээр хэрээс хэтэрлээ. Энэ бол хүүхэд сурч боловсорч байгаа орчин.
-Энэ зөрчилтэй холбоотойгоор та бүхэн холбогдох газруудад гомдол гаргасан уу?
-Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст гомдол гаргасан байгаа. Цагдаагийн байгууллагаас сургуулийн бүсэд нэвтэрсэн уг асуудлыг шалгаж байгаа.
-Үүссэн нөхцөл байдлын улмаас өнөөдөр хичээлийн үйл ажиллагаанд доголдол үүссэн үү?
-Өглөө 08:00 цагаас хичээл эхэлдэг. Энэ үйлдлийн улмаас хичээл 10 минут хоцорч орсон бөгөөд сурагч, багш, ажилчдад тайван бус сэтгэл зүйн орчныг бий болгосон.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!