Улаанбаатар хотын орон сууцны хорооллын айл өрх болон сургууль, цэцэрлэг, эмнэлгийн халаалтыг жил бүрийн есдүгээр сарын 15-нд холбодог. Харин өнөөдрийн байдлаар дулааны шугамын засварын ажил үргэлжилж буй 10 дугаар хороолол болон Драмын театраас зүүн тийш байршлын айл өрх, сургууль, цэцэрлэг, эмнэлгийн халаалт хугацаандаа холбогдох уу гэдэг нь эргэлзээтэй байгаа юм.
Энэ талаар Улаанбаатар Хотын Захирагчийн Ажлын Албаны/УБЗАА/ Хотын инженерийн дэд бүтцийн газрын даргаас тодруулахад "Айл өрх, сургууль, цэцэрлэг, эмнэлгийн халаалтыг есдүгээр сарын 15-нд өгнө.
Хамгийн удаашралтай, томоохон хэмжээний, ажиллагаа ихтэй 11г, д буюу Х хорооллын замын урд талын 25 дугаар эмийн сан хүртэлх болон 2а буюу Драмын театраас зүүн тийш тавигдаж байгаа дулааны шугамыг есдүгээр сарын 15-н гэхэд төв системд холбосон байхаар төлөвлөж байна. Энэхүү хоёр байршлын айл өрх, сургууль, цэцэрлэг, эмнэлгийн халаалтыг есдүгээр сарын 15-нд өгнө гэж ойлгож болно. Хонгилын систем суурилуулж буй эдгээр байршлын дулааны шугамын шинэчлэлийн явц 80 гаруй хувьтай байгаа. Одоогийн байдлаар ухсан газруудаа эхнээсээ битүүлж байна, энэ жилдээ Драмын театрын байршлын дулааны шугамын шинэчлэлийг Сонгдо эмнэлэг хүртэл хийгээд зогсоно.
Дулааны шугамын худгуудын холболтын ажил аравдугаар сарын 1-н хүртэл үргэлжилнэ. Худаг гэдэг нь 3х4 хэмжээтэй, холболт, туршилт, тохируулга хийдэг жижиг хэсэг юм. Харин дулааны шугамуудын холболт нь есдүгээр сарын 10-н гэхэд дуусах юм. Хоёр өөр ялгаатай зүйл.
Нөхөн сэргээлт буюу засвар хийгдсэн байршлын явган замыг тавих зэрэг ажлыг аравдугаар сарын 1-15-ны хооронд дуусгах гэрээтэй.
Энэ жил 18 байршилд дулааны шугамын засвар хийгдэж байгаа юм" гэж мэдээллээ.
ААН, байгууллагуудын хувьд өөрсдийн хүсэлтээр аравдугаар сарын 1-15-ны хооронд халаалтаа авах боломжтой бөгөөд энэ хугацаанаас өмнө авч болох аж.
Дулааны шугамыг хонгилын системтэй болгосноор цаашид зам ухаж хөндөхгүйгээр завсар, үйлчилгээ хийх болон шугам солих боломж бүрддэг байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!