Уншиж байна ...

Д.Мөнхбаяр: Гурван монгол тамирчнаас хоёр нь шигшээ наймд шалгаран буудлаа. Амжилт гаргахад ойрхон байна

Г.Мөрөн, iKon.mn
2024 оны 8 сарын 6
iKon.MN
Зураг зураг

Гавьяат тамирчин, олимпын наадмын хошой медальт Д.Мөнхбаяр Энэтхэгийн гар бууны багийн гадаад дасгалжуулагчаар ажиллаж буй. Түүний дасгалжуулсан шавь нар түүхэн амжилт үзүүлсэн юм.

Шавь нарынхаа амжилтынхаа талаар гавьяат тамирчин Д.Мөнхбаяр "Парис 2024" олимпын наадмын үеэр Монгол Улсыг сурталчлах зорилготой "Mongolia House"-д зочлох үеэрээ сэтгэгдлээ хуваалцав.

Тэрбээр "Дасгалжуулагчаар оролцсон анхны олимпын наадам минь байлаа. Энэтхэгийн баг түүхэн амжилт үзүүлсэн. Яг л миний түүхтэй адилаар буудагч маань буудлагаар олимпын медаль авсан анхны эмэгтэй тамирчин болж, хүрэл медаль хүртсэн.

Мөн тухайн тамирчин маань холимог багийн төрөлд хүрэл медаль хүртсэнээр нэг олимпын наадмаас хоёр медаль хүртсэн анхны энэтхэг буудагч болсон юм. Харин эрэгтэй буудагчийн маань хувьд анхны олимп нь. Анхны олимпоосоо холимог багийн төрлөөр медаль авч чадсан. Тэд бол залуу хүүхдүүд. Цаашид өндөр амжилт гаргах байх.

Манай Монгол Улсын буудлагын баг тамирчид Австрийн Альпын нуруунд маш сайхан уур амьсгалтай тайван байдалд анхаарлаа төвлөрүүлж, бэлтгэл нь хангагдаад энд ирсэн. Гурван тамирчнаас хоёр нь шигшээ наймд шалгаран буудлаа. Энэ бол цаашид амжилт гаргахад ойрхон байна гэсэн үг" хэмээсэн юм.

Түүнчлэн тэрбээр "Mongolia House"-д зочилсон талаараа "Монголдоо наадмын үеэр ирчихсэн байгаа мэт уур амьсгалтай сайхан байна. Монгол ахуйг тун сайн танилцуулж байгаа юм байна. Энэ бол маш том алхам, том амжилт. Газар газраас ирсэн хүмүүс сонирхож байна" гэлээ.

https://www.facebook.com/olymp.mn/videos/500140089335449