Уншиж байна ...

Колумбын парламент Пабло Эскобарын дүртэй бэлэг дурсгалыг хориглох хуулийн төслийг хэлэлцэх гэж байна

С.Мөнхцэцэг, ikon.mn
2024 оны 8 сарын 6
iKon.MN
Зураг зураг

Колумб улсын парламент энэ долоо хоногт хар тамхины картелын толгойлогч агсан Пабло Эскобарын дүртэй бэлэг дурсгалын зүйлсийг хориглох эсэх асуудлыг хэлэлцэх гэж байна.

Ийм бэлэг дурсгалын зүйлсийг гадаадын жуулчдад борлуулж, ашиг олдог худалдаачид хуулийн төслийг эсэргүүцэж байгаа.

Харин Колумб улс мафийн аймшигт боссын имижээс салах ёстой гэж үздэг хүмүүс дэмжиж байна.

Шинэ хуулийн төсөлд Эскобарын болон түүнтэй холбоотой бусад гэмт хэрэгтнүүдийн дүр бүхий эд зүйлс зарсан хүнийг $170-аар торгох заалт тусгагджээ.

Бас Эскобарын дүртэй цамц, малгай болон бусад хувцас зүүлтийг олон нийтийн газарт өмсөж, хэрэглэвэл торгуулийн шийтгэл оноохоор төлөвлөсөн байна.

“Ийм эд зүйлс нь алуурчны хохирогч болсон хүмүүсийг дахин шийтгэж байгаа юм. Бид хохирогчдын сэтгэлийн шархыг сэдрэхээс хамгаалж, улс орноо шинэ бэлэгдэлтэй болгох ёстой” гэж хуулийн төслийг санаачилсан Колумбын Ногоон Холбоо намын төлөөлөгч Кристиан Авендано тайлбарлажээ.

“Миний бодлоор энэ бол тэнэг хууль. Манай улсад ирсэн мексикчүүд, коста рикачууд, америк хүмүүс бүгд надаас Эскобарыг асууж сурагладаг. Энэ бол миний санаачилгаас болзон зүйл биш” гэж нийслэл Богота хотын Ла Канделариа дүүргийн гудамжинд цуутай дээрэмчний дүртэй цамц, соронзон наалт зардаг худалдаачин Рафаэл Нието ярьж байна.

зураг
 

Эскобар 1980-аад оноос 1990-ээд оны эхэн үе хүртэл хугацаанд Меделлиний картелыг байгуулан ажиллуулахдаа 4,000 орчим хүний аминд хүрч, $3 тэрбум орчимтой тэнцэх хөрөнгө хураасан гэдэг.

Тэрбээр тухайн үедээ дэлхийн хамгийн баян хүмүүсийн нэгд тооцогддог байв.

Эскобар 1993 онд Меделлин хотын барилгын дээвэр дээр хууль хүчний байгууллагуудын мөрдлөгөөс зугтаж явахдаа буудуулж алагдсан юм.

АНУ-ын Хар Тамхитай Тэмцэх Газрын дэмжлэгтэй зохион байгуулагдсан уг ажиллагаанд 300 орчим хүн оролцож байжээ.

Сүүлийн жилүүдэд Колумбын телевиз болон Нэтфликс компани Эскобарын амьдралаас сэдэвлэсэн цувралууд бүтээгээд байгаа.

Төрөлх Меделлин хотод нь Эскобарын амьдралтай холбоотой газруудаар жуулчдад зориулсан аялал зохион байгуулдаг агентууд бий болсон.

Шинэ хуулийн төсөл батлагдахын тулд парламентаар дөрвөн удаа хэлэлцэгдэх юм байна.

Өнгөрсөн онд Пабло Эскобарын нэрийг барааны тэмдэгтээр бүртгүүлэх гэр бүлийнхнийх нь хүсэлтэд Колумбын засгийн газар татгалзаж байжээ.

Түүний бэлэвсэн эхнэр, хүүхдүүд ижил хүсэлтийг энэ оны эхээр Европын Холбоонд гаргаад бас татгалзсан хариу авсан юм.

 

Эх сурвалж: Associated Press