Уншиж байна ...

Олимпын наадмаас хос алтан медаль авсан Филиппиний тамирчин “шагналд булуулж” байна

С.Мөнхцэцэг, ikon.mn
2024 оны 8 сарын 6
iKon.MN
Зураг зураг

Филиппин улсын 24 настай тамирчин Карлос Юло энэ удаагийн олимпын наадмын гимнастикийн төрөлд хоёр өдөр дараалан алтан медаль зүүж, эх орон нэгтнүүдээ баярлуулаад байна.

Филиппин улсын хүндийг өргөлтийн тамирчин Токиогийн олимпын наадмаас анхны алтан медаль зүүж байсан бол хоёр ба гурав дахь медалийг нь Юло авчирч байгаа юм.

Тус улс 1924 оноос хойш зуны олимпын наадмуудад оролцож байгаа бөгөөд сүүлийн гурван жилийн хугацаанд бүх алтан медалиа авчээ.

Хос алтан медаль зүүсэн Юлод улсынх нь ерөнхийлөгч, тэргүүн хатагтай, улс төрчид, урлаг соёлын алдартнууд, бизнесмэнүүд бүгд баяр хүргэж, төрөл бүрийн бэлэг амлаад байна.

Филиппиний засгийн газар түүнийг нэг удаа 10 сая песогоор ($173,300) шагнах бол парламентын спикер нэмж зургаан сая песогоор урамшуулахаа мэдэгджээ. Парламентын доод танхимын спикер Фердинанд Мартин Ромуалдез түүнийг “спортын баатар”, “үндэсний үнэт эрдэнэ” гэх зэргээр магтсан юм.

Барилгын нэг компани нийслэл Манила хотод баригдаж буй орон сууцны цогцолбортоо иж бүрэн тавилгатай гурван өрөө байр өгөхөө амласан байна.

Их сургуулиуд үнэ төлбөргүй сургах, эмнэлгүүд насан туршийнх нь эрүүл мэндийн үзлэг үйлчилгээг даах зэрэг шагналуудыг уралдан амлаж эхэлжээ.

Мөн рамен, шарсан тахиа зэрэг хоол хүнсээр насан туршид нь хангах ресторанууд гарч ирсэн байна.

Юлогийн төрж, өссөн нийслэл Манила хот алтан медальтнаа баатрын ёсоор угтаж авахад бэлдэж эхэлжээ.

“Бид түүнд зориулан хамгийн том угталтын ёслолыг зохион байгуулна. Карлос Юлог ирмэгц бид мөнгөн шагнал, Филиппиний нийслэлийн мөнхийн бахархал болсон батламжийг гардуулах болно” гэж Манила хотын захирагч Хани Лакуна ярьжээ.

 

Эх сурвалж: BBC