Уншиж байна ...

Украины дайнд Оросын хүн хүчний хохирлын хэмжээ 550,000 хүрсэн гэж Британийн тал үзэж байна

Т.Давааням, ikon.mn
2024 оны 7 сарын 24
iKon.MN
Зураг зураг

Украины дайны хоёр жил, хагасын хугацаанд Оросын армийн амссан хүн хүчний хохирлын хэмжээ 550,000 орчим хүрсэн гэж үзэж байгаагаа Их Британийн зэвсэгт хүчний жанжин штабын тэргүүн, адмирал, сэр Тони Радакин мэдэгджээ.

“Бидний тооцоолж байгаагаар Оросын армийг 2022 оны хоёрдугаар сарын түвшинд дахин хүргэхэд Путинд таван жилийн хугацаа шаардлагатай. Энэ дайнаар илэрсэн сул талуудаа засварлахад дахиад таван жил шаардлагатай” гэж өчигдөр Лондон хотод болсон “Royal United Services Institute” хүрээлэнгийн бага хурлын үеэр Радакин хэлсэн байна.

Энэ тоо нь Украины эрх баригчдын зарласан тоотой бараг таарч байгаа юм. 2022 оны хоёрдугаар сараас энэ долоо хоногийн Мягмар гарагийг хүртэл хугацаанд Оросын армийн хохирлын хэмжээ 568,980 хүрсэн гэж Киевийн албаныхан мэдээлжээ.

Сүүлийн саруудад Оросын зэвсэгт хүчин Украины дорнод фронт дээр амжилттай довтолж, хэд хэдэн жижиг тосгоныг эзэлснээ зарлаад байгаа.

Гэхдээ энэ амжилтыг асар өндөр үнэ өртгөөр олж авч байгаа гэж мэргэжилтнүүд үзэж байна.

Радакин энэ талаар хэлэхдээ “Яг одоо Оросууд асар өндөр үнээр тактикийн амжилт олж байгаа” гэжээ.

Москвагийн эрх баригчид Украины дайны хохирлын тоо баримтаа зарлахгүй байгаа.

2022 оны есдүгээр сард ОХУ-ын батлан хамгаалахын сайд асан Сергей Шойгу ердөө 6,000 хүрэхгүй цэрэг дайны эхний зургаан сарын хугацаанд алагдсаныг мэдээлж байв.

Украины тал ч хохирлынхоо талаар тодорхой мэдээлэл өгөхгүй байгаа.

Дайн эхэлснээс хойш 31,000 цэргээ алдсан тухай Украины ерөнхийлөгч Володимир Зеленский энэ оны хоёрдугаар сард мэдээлж байжээ.

Украины хохирлын хэмжээ Оросынхоос тав дахин өндөр байгааг энэ оны зургаадугаар сарын эхээр Путин хэлсэн ч тодорхой тоо дурдаагүй юм.

 

Эх сурвалж: Newsweek