Засгийн газрын хуралдаанаас гаргасан үүрэг чиглэлийн дагуу Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал мэдээлэл хийж байна.
Энэ үеэр хамтарсан Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг уялдуулах ажлын талаар тэрбээр ярилаа.
Энэ тухай "Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг УИХ-д өргөн мэдүүлэх учиртай. Тийм ч учраас Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг боловсруулах ажлыг албан ёсоор эхлүүлсэн.
Энэхүү үйл ажиллагааны хөтөлбөр нь эвслийн гэрээ буюу хамтарсан Засгийн газрыг бүрдүүлж буй улс төрийн гурван намын төлөөллөөс бүрдсэн. Тус ажлын хэсгийн тусламжтайгаар хамтарсан Засгийн газар цаашдаа хэрхэн ажиллах чиглэлээр гэрээ байгуулна гэсэн үг.
Тус гэрээг Герман улсын сайн туршлага буюу 2021 онд байгуулагдсан хамтарсан Засгийн газрын гэрээг туршлага болгож судалж байна. Мөн Шинэ Зеланд, Нидерланд зэрэг олон улсын сайн жишгийг нэвтрүүлэхийг зорьж байна.
Хамтарсан Засгийн газрын гэрээнд тусгагдсан гол зарчмууд
Засгийн газрыг бүрдүүлж буй Ардчилсан Нам, ХҮН, Монгол Ардын Намын мөрийн хөтөлбөрүүдэд тусгагдсан заалт, зорилтуудын уялдаа холбоонд суурилж өнгөрсөн хугацаанд ажилласан.
Зорилт, хөтөлбөрүүдийн нэр өөр хэдий ч тулгамдсан асуудал адил учраас мөрийн хөтөлбөрүүдийн 80 хувь нь хоорондоо уялдах бололцоотой гэж ажлын хэсэг дүгнэсэн.
Намуудын мөрийн хөтөлбөрийн уялдаа холбоог ханган хамтарсан Засгийн газрын гэрээг байгуулж, үүнд үндэслэсэн Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг УИХ-д өргөн мэдүүлнэ.
Мөн хамтарсан Засгийн газрын гэрээг УИХ-д өргөн мэдүүлж, УИХ-ын тогтоол батлуулснаар цаашид сайн жишиг манай улсад үлдэнэ.
Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ ямар бүтэц бүрэлдэхүүнээр ажиллах, мөн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд төсөвт ямар шаардлагатай тодотгол хийх чиглэлээр УИХ-д төсвийн тодотгол өргөн барихаар ажиллаж байна.
Үйл ажиллагааны хөтөлбөр, эвслийн хамтарсан Засгийн газрын гэрээ, төсвийн тодотголыг нэг сарын дотор УИХ-д өргөн мэдүүлэх төлөвлөгөөтэйгөөр Ажлын хэсгүүд байгуулагдсан. Тэд ажилдаа орж байна" гэлээ.
Үргэлжлүүлэн "Ерөнхий сайдын зүгээс холбогдох сайд нарт төрийн албаны хуулийг чанд мөрдөж, төрийн жинхэнэ албан хаагчдыг халж сэлгэхгүй, тогтвортой ажиллах нөхцөл бололцоог хангуулахад илүү анхаарах ёстойг үүрэг чиглэл болгосон.
Хэдийгээр яамдын бүтэц, нэр өөрчлөгдсөн ч тангараг өргөсөн төрийн жинхэнэ албан хаагчид ажлаа тогтвортой хийх бололцоог бий болгох нь чухал. Тиймээс улс төржилтгүй ажиллах шаардлагатайг холбогдох сайд нарт үүрэг болгосон.
Засгийн газрын эхний 100 хоногт хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг өнгөрсөн хугацаанд салбарын сайдуудаас нэгтгэж, 100 хоногийн дотор хийж хэрэгжүүлэх ажлуудынхаа төлөвлөгөөн дээр ажиллаж байна.
Улс төрийн гурван намын мөрийн хөтөлбөрт
Засгийн газрын шинэ бүтцийн гол онцлог бол Хот Байгуулалт, Орон Сууцжуулалтын Яам, Байгаль Орчин, Уур Амьсгалын Өөрчлөлтийн Яам зэрэг тулгамдсан асуудалд илүү анхаарсан. Үүтэй холбогдуулан яамдад байдаг ерөнхий бүдүүвч нэгжүүдийг намуудын мөрийн хөтөлбөрт тусгагдсан зорилтуудтай уялдуулан үр дүнд хүргэх чиглэлээр анхаарах нэгжүүдийг байгуулах нь илүү бодитой.
Тийм ч учраас өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар төрийн захиргааны төв байгууллагууд бусад төрийн өмчийн компаниуд ч И-Монголиа нэгдсэн вебтэй болж, төр зөвхөн нэг л сувгаар иргэдтэй харьцах нөхцөлийг бүрдүүлье гэдгийг үүрэг болгосон.
Цахим засаглалыг бий болгож, хүнд суртлыг бууруулах чиглэлээр албан бичиг солилцооны системийг нэгтгэх, төр нь иргэдээс цаас бичиг нэхдэггүй байх чиглэлээр ажиллах нь бидний цаашдын зорилго" хэмээв.
Мөн Ерөнхий сайдын зүгээс салбар хоорондын уялдааг зохицуулах чиглэлээр Үндэсний хороог бий болгож, тус хороо нь орон тооны бус зөвлөл маягаар ажиллах үүрэг чиглэл өгснийг нэмж хэллээ. Үүнд УИХ-д сонгогдсон мэргэжлийн экспертүүд, төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоодын төлөөллийг оруулах аж.
ВИДЕО:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!