Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/06/03-НД НИЙТЛЭГДСЭН

Х.Нямбаатар: Машинаа шэйрлэх, хөдөө аялах хүсэлтийг нийслэлчүүддээ тавьж байна

Д.Янжиндулам, ikon.mn
2024 оны 6 сарын 3
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Хотын дарга Х.Нямбаатар машинаа хуваалцах, дугуйгаар, богино зайнд явган зорчиж бүтээн байгуулалтын ажилд дэмжлэг үзүүлж өгөхийг иргэдэд уриалжээ.

Тэрбээр "Улаанбаатар хотод бүтээн байгуулалтын улирал эхэлж, авто замын түгжрэл хамгийн хүнд нөхцөлд орж байна.

6, 7, 8 дугаар сард Монгол Улсад хийх гадаадын өндөр хэмжээний айлчлалын тоо олон. Үүнээс гадна улс, нийслэл, дүүргийн төсөв, Европын Сэргээн Босголтын Банк, Дэлхийн Банкны санхүүжилтээр дулааны шугамыг өргөтгөн шинэчлэх ажлууд хийгдэнэ.

Тухайлбал ГХЯ-ны хойд уулзварыг бүхэлд нь олон хоног хааж, дулааны шугамыг солино.

Саппорогийн уулзвараас "Талх чихэр" компанийн уулзвар хүртэлх 11г магистраль шугамыг шинэчилнэ.

17 жилийн өмнө эхэлсэн "Туул-1" коллекторыг дуусгах буюу наймдугаар сарын 20-нд ашиглалтад орох шинэ Цэвэрлэх байгууламжид холбогдох шугамыг зайлшгүй хийх шаардлагатай. Цэвэр усны шугамуудыг шинэчлэх ажил ч хийгдэнэ.

Эдгээр бүтээн байгуулалтыг 6-9 дүгээр сард багтааж хийхгүй бол ирэх өвлийг өнтэй давахад хүндрэлтэй болно.

Улаанбаатар хот ойролцоогоор 1,250 км авто замтай. Энэ жил үүний 75%-ийг хучиж, шинэчлэх, усны хаялга, ус зайлуулах шугам сүлжээг шинэчилнэ.

Сэлбэ, Дунд голын үерийн даланг хүчитгэх ажлууд хийгдэхээр төлөвлөгдөөд байна.

Ирэх жил эрчим хүчний дутагдалгүй өвөлжихийн тулд нийслэлээс Бөөрөлжүүтийн ЦС-д хөрөнгө оруулалт хийх үйл явц, 200кВТ/цагийн батарей хуримтлуурын станц барих тендерийг зарлах бэлтгэл ажил хийгдээд байна.

Хүүхдийн сургууль, цэцэрлэг амарсан энэ үед хотын хөдөлгөөний нягтаршлыг багасгахад дэмжлэг үзүүлж хөдөө гадаа аялах бол бүтээн байгуулалтын энэ цаг үеэр явах хүсэлтийг нийслэлчүүддээ тавьж байна.

Мөн "Car sharing" буюу машинаа дундаа шэйрлэж ажил, гэр рүүгээ явах, унадаг дугуй хэрэглэх, ойрхон зайд явган зорчих зэргээр шинэ хандлага гаргаж, авто замын түгжрэлийг бууруулахад анхаарч өгөөрэй" гэж ярилаа.