Уншиж байна ...

Гар утасны технологи “SmartPhone”-оос “IntelliPhone” эринд шилжих гэж байна

Р.Түвшин, iKon.mn
2024 оны 5 сарын 30
iKon.MN
Зураг зураг

Үүрэн холбооны технологи 2007 онд Apple компани анхны iPhone гар утсыг зах зээлд танилцуулснаар “Smart Phone” буюу ухаалаг гар утасны эринд шилжсэн гэдэг.

Үүнээс өмнө 1980-аад оны үед телефон утас гэдэг зүйл анх кабелгүйгээр радио долгионоор сүлжээнд холдогддог болж байв.

Дараа нь 1990-ээд оны үед өвөртлөөд явах боломжтой гар утас болон хувирсан юм.

Тэгвэл одоо хиймэл оюуны технологийн хөгжил гар утсыг дараагийн шинэ эринд шилжүүлэх төлөвтэй байгааг судлаачид бичсэн байна.

Bank of America Securities байгууллагын зах зээл судлаачид энэхүү шинэ эринийг “IntelliPhone” гэж нэрлэжээ.

Өөрөөр хэлбэл хиймэл оюуны технологи бидний өнөөдөр “ухаалаг” гэж нэрлэдэг гар утсыг “тэнэг” харагдуулах шинэ дэвшлийг удахгүй авчирна гэж тэд үзэж байна.

“Хамгийн гол ялгаа нь орчныг мэдрэх (context awareness) чадвар байх болно” гэж Bank of America Secutiries компанийн шинжээч Вамси Мохан тайлбарлажээ.

Тэрбээр хиймэл оюунаар хүчирхэгжсэн ирээдүйн гар утаснуудын зарим чадварыг дараах байдлаар тайлбарласан байна.

Context aware assistance: Энэ нь эзнийхээ байгаа газар, орчин нөхцөл, цаг хугацаанд хамгийн тохирсон тусламжийг үзүүлэх чадвар юм. Өөрөөр хэлбэл эзэндээ юу хэрэгтэй байгааг түрүүлж мэдрээд тохирсон үйлдэл хийдэг болно.

Proactive suggestion: Эзнийхээ юу хийхийг хүлээлгүйгээр дадал зуршил, зан авирт нь таарсан үйлдлийг түрүүлж санал болгох тухай ойлголт юм.

Object and scene recognition: Объект болон үзэгдлийг таних чадвар. Гэрэл зураг дээр дүрслэгдсэн объект, үзэгдлийг таниад таарсан үйлдлийг санал болгоно. Жишээлбэл зураг дээр дүрслэгдсэн зүйлийг таниад түүнтэй холбоотой нэмэлт мэдээлэл хайх, холбогдох бараа бүтээгдэхүүн санал болгох зэрэг үйлдлүүдийг хийдэг болох юм. Мөн зурагт хэн дүрслэгдсэнийг таниад зургийг хэн хэнтэй хуваалцахыг зөвлөнө.

Real-time translation: Хүмүүсийн яриаг хэл хооронд хугацааны алдагдалгүйгээр хөрвүүлдэг болно. Өөрөөр хэлбэл өөр өөр хэлтэй хүмүүс утасныхаа тусламжтай ямар ч саад бэрхшээлгүйгээр хоорондоо харилцаж, ойлголцдог болох юм.

Predictive health alerts: Эзнийхээ биеийн байдлыг тогтмол хянасны үндсэн дээр эрүүл мэндэд нь учирч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлдэг болно. Гар утас нь өөрийн санаачилгаар эрүүл мэндийн зөвлөгөө өгөх, шаардлагатай бол эмчид очихыг сануулдаг болно гэсэн үг юм.

AI driven content creation: Хүмүүсийн бүтээлч чадварыг хиймэл оюуны тусламжтай улам сайжруулж, илүү сэтгэл татам дуу, дүрсний контентуудыг үүсгэдэг болно. Хүн бүр гар утасныхаа тусламжтай мэргэжлийн түвшинд зураг, дүрс боловсруулдаг болох юм.

Music Haptics and Vocal Shortcuts: Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн хэрэглээг хялбаршуулах олон чадвар нэмэгдэнэ гэж үзэж байна. Тухайлбал хөгжмийн дуугаралт, доргилт чичиргээг сонсголын бэрхшээлтэй хүмүүсийн мэдрэмжид тохируулан өөрчилдөг болно. Мөн хэл ярианы бэрхшээлтэй хүмүүсийн хэлсэн үг, дуу хоолойн өнгийг илүү нарийн танихаас гадна Siri мэтийн дуу хоолойгоор удирдагддаг туслахуудтай харилцахдаа бэлэн хэллэгүүдийг ашигладаг болох ажээ.

 

Эх сурвалж: Business Insider