Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/05/26-НД НИЙТЛЭГДСЭН

Япон улс галт шоргоолжны “эзлэн түрэмгийлэл”-тэй тэмцэж байна

С.Мөнхцэцэг, ikon.mn
2024 оны 5 сарын 26
iKon.MN
Зураг зураг

Японы арлуудыг “эзлэн түрэмгийлэх” эрсдэл учруулж буй галт шоргоолжнууд энэ жил анх удаа Йокохама боомтод илэрсэн тухай албаныхан мэдээлжээ.

Хятадаас бараа тээвэрлэж ирсэн чингэлгээс 1,000 гаруй галт шоргоолжийг Пүрэв гарагт илрүүлсэн байна.

Байгаль орчны яамны төлөөлөгчийн мэдээлснээр эдгээрийн 20 орчим нь хатан шоргоолж, үлдсэн нь ажилчин шоргоолж байжээ.

“Энэ амьтан жилээс жилд улам бүр том асуудал болж байна. Анхны галт шоргоолжийг 2017 онд ачаанаас илрүүлж байсан бөгөөд түүнээс хойш бараг сар бүр Японы аль нэг боомтод илэрч байгаа” гэж Байгаль Орчин Судлалын Үндэсний Хүрээлэнгийн дэргэдэх Гаднын Төрөл Зүйлийн Судалгааны багийн ахлагч Койчи Гока ярьж байна.

Өнөөдрийг хүртэл энэ амьтан Японы эрэгт ирсэн 110 тохиолдлыг илрүүлж, тухай бүрд газар дээр нь устгажээ.

Түрэмгий ааш авиртай, түргэн үрждэг энэ шоргоолж Хятадын эх газар, Хонконг, Зүүн Өмнөд Азиас ачаа тээврээр дамжин ирдэг байна.

Хатан шоргоолж өдөрт 1,600 орчим өндөг гаргадаг. Нас бие гүйцсэн галт шоргоолжны биеийн урт 6 мм хүрдэг байна.

Энэ амьтанд хазуулсан тохиолдолд хүний биед хүчтэй цочрол үүсдэг бөгөөд ховор тохиолдолд бага насны хүүхэд, өндөр настныг үхүүлэх аюултай юм.

Одоогоор галт шоргоолж Японы арлуудын гүнд илэрсэн тохиолдол байхгүйг Гока баталж байна.

Мэргэжилтнүүд шавж устгагч шингэнээр Японы боомтуудад ирсэн чингэлэг бүрийг дотор талыг ариутгадаг.

Японд өвөл хүйтэн болдог тул галт шоргоолжнууд хэрвээ нутагшвал хот суурин газруудад үүрлэж, байгаль орчин, дэд бүтэц, хүн ардад их хэмжээний аюул учруулна гэж үзэж байна.

Тус улсын Байгаль Орчин Судлалын Хүрээлэнгийн вэб сайтад 1,000 гаруй гаднын “эзлэн түрэмгийлэгч” амьтан, ургамлын төрөл зүйлийн жагсаалт байдаг.

Тэдгээрийн зарим нь хэдийнээ Японы арлуудад нутагшсан байна.

Зарим амьтад тэжээвэр амьтан хэлбэрээр ирээд зэрлэгшиж үлдсэн байдаг.

2011 онд Японы төв хэсгээс анх удаа илэрсэн нэг төрлийн царцаа Хятадаас шүүрийн хайрцагт өндөг хэлбэрээр тээвэрлэгдэж ирснийг Гокагийн баг 2020 онд тогтоож байжээ.

1970-аад оны үед Японд гарсан хүүхэлдэйн кино илбэнхийг алдаршуулж, олон хүн энэ амьтныг гэртээ тэжээхээр Умард Америкаас авчирч байжээ.

Гэвч маш хурдан өсөж томордог, түрэмгий ааш авиртайг нь мэдсэний дараа эзэд нь байгальд тавьснаар Японы арлуудад нутагшсан байна.

Гаднын амьтан, ургамлын төрөл зүйлүүд нутагших нь нутгийн уугуул экосистемийг устгах аюултай тул Японы эрх баригчид үүнд маш хатуу хяналт тавьдаг юм.

“Тиймээ, тэд Японы биологийн төрөл зүйлүүд, экосистемд аюултай. Гэхдээ би үүнийг хамгийн том аюул гэж үзэхгүй байна. Экосистем бол өөрчлөлтөд дасан зохицох чадвартай. Харин галт шоргоолж, хортой аалз зэрэг амьтад их хэмжээгээр нутагшвал хүмүүст учруулах аюул нь илүү ноцтой юм. Дэлхийн эдийн засаг глобалчлагдахын хэрээр гадаадын улс орнуудаас Япон руу улам олон төрөл зүйлийн амьтан, ургамал ирдэг болоод байна. Эдгээрээс бүрэн хамгаалж дийлэхгүй тул эцэстээ Японы уугуул ургамал, амьтны аймаг устгагдах вий гэсэн айдас надад байдаг” гэж Гока доктор ярьжээ.

 

Эх сурвалж: Kyodo News