Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/04/24-НД НИЙТЛЭГДСЭН

Х.Нямбаатар: Улаанбаатарын зургаан дүүргийг задалж, 14 хоттой болгоно

П.Сайнжаргал, IKON.MN
2024 оны 4 сарын 24
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулах үеэр Хотын дарга Х.Нямбаатар хотын статустай холбоотой дараах мэдээллийг танилцуулав. 

Тодруулбал Улаанбаатар хотын төвийн зургаан дүүргийн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж дээр орон нутгийн шинж чанартай 14 "хот" байгуулна.

Эдгээр нь 42 эрх мэдэл бүхий хорооноос бүрдэх зохицуулалтаар засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжтэй холбоотой шинэчилсэн зохион байгуулалтыг хийж байгааг тэрбээр хэллээ. 

Мөн тэрбээр "Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжид хэдэн салшгүй эрх хадгалагддаг.

  • Татвар авах
  • Төсөв хуваарилах
  • Хөгжлийн бодлогоо тодорхойлох
  • Өмч хөрөнгөө захиран зарцуулах зэрэг эрх бий.

Эдгээрийг Үндсэн хуульд заасны дагуу Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийн эрхүүдийг хот тосгодод шилжүүлж байгаа.

Ингэхдээ

  • Дүүргүүдэд байсан эрхийг орон нутгийн шинж чанартай 14 хотод шилжүүлэх
  • Нийслэл гэдэг засаг захиргааны нэгжид байгаа зарим чиг үүргийг хамт шилжүүлэх
  • Хороодын засаг захиргаа нэгжийн чиг үүргийг 14 хот болон шинээр эмхлэн байгуулах хороодод шилжүүлэх замаар эрх мэдлийн төвлөрлийг хот сууринд шилжүүлэх агуулга бүхий хуулийн төслийг боловсруулсан.

Өмнө нь томоохон суурьшил байж байгаад сүүлд сум болсон Тосонцэнгэл, Хархорин, Зүүнхараа, Замын-Үүд зэрэг суурин газруудыг шинээр хот болгон зохион байгуулахын зэрэгцээ сүүлийн үед шинэ суурьшил үүсээд байгаа Цогтцэций, Ханбогд, Гашуунсухайт зэрэг газарт шинээр хот тосгон байгуулах тогтоолын төслийг хамт өргөн барьж байгаа" хэмээв. 

Энэ үеэр дүүргүүдийг хот болгох гол зорилгын талаарх сэтгүүлчийн асуултад дараах хариултыг хэлэв. 

Сэтгүүлч: Дүүргүүдийг хот болгох гол зорилго юу вэ. Ингэснээр ямар үр дүнд хүрэх гэж байгаа юм бэ?

Х.Нямбаатар: Иргэдэд хоёр төрлийн үйлчилгээ үзүүлэх ёстой. Төрийн болон хот нийтийн аж ахуйн үйлчилгээ.

Эдгээрийг хослуулж 2040 он хүртэл Улаанбаатар хотыг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний хүрээнд 14 хотод 20 минут тутам иргэд төрийн үйлчилгээ болон хот нийтийн аж ахуйн үйлчилгээг авдаг, аюулгүй орчныг бий болгох үндсэн агуулгатай.

Улаанбаатар хотоос хойш гараад 1.2 километрийн цаана ямар ч дэд бүтэцгүй, хот нийтийн аж ахуйн төлөвлөлтгүй суурьшил байгаа. Үүнийг задлаад хотын төвөөс 1.2 километрээс эхлээд Сэлбэ хот зохион байгуулагдаж байх жишээтэй. Тухайлбал

  • Баянзүрх дүүргийг гурван хот
  • Сонгинохайрхан дүүргийг гурван хот
  • Хан-Уул дүүргийг гурван хотод тус тус хуваах гэх мэтчилнээр иргэдийн ая тухтай амьдрах орчин нөхцөлийг дахин төлөвлөж, шинээр бий болгох зорилготой.

Замбараагүй төлөвлөлтийг эмхэлж, цэгцлэх ажлыг хэрэгжүүлэх татварын санхүүгийн эрх мэдлийг өгье.

Сэтгүүлч: 14 хот байгуулахаар төрийн бүтцийг улам данхайлгахгүй юу?

Х.Нямбаатар: Төрийн бүтэц улам багасна. Одоо Улаанбаатар хотод 204 хороо, 204 хорооны иргэдийн нийтийн хурал цаашлаад есөн дүүргийн Засаг даргын тамгын газар, есөн дүүргийн ИТХ багасна.

Дүү нар цэцэн цэлмэг юм ярихынхаа өмнө эхлээд уг сууриа бод. Хот төвлөрсөн дулаан, дэд бүтэц рүүгээ шавсан учраас өнөөдөр хоёр сая хүнтэй болоод байна.

Үүнийг задлахаар 21 аймаг, 330 суманд төв суурин газруудад байдаг стандартуудыг нь бий болгож өгье. Тэр стандартуудыг бий болгох татваруудыг тараая.

Монгол Улсын дулаан бол дэлхийн хамгийн хямдхан дулаан. Нэг айлын нэг метр квадрат дулааны хөлс 506 төгрөг байгаа. Доллар 20 цент байгаа. Дэлхийн дундаж төвлөрсөн дулааны үнэ хамаагүй илүү, хэдэн арав дахин өндөр байгаа.

Өнөөдөр эрчим хүчний төлбөр дөрвөн цент. Энэ болгон барилгын компаниудыг төвийн шугам сүлжээ рүү ойртож, бөөгнөрч барилга барих төвлөрлийн эх үндэс болсон юм.