Энхийн төлөө ус уу? эсвэл усыг энхийн төлөө зориулах уу?
Жил бүрийн олон улсын усны өдрийг тухайн үед Дэлхий дахины хэмжээнд тулгамдаж байгаа тодорхой нэгэн сэдвийн хүрээнд тэмдэглэж тэр талаар олон нийтийн анхаарлыг хандуулж тэдэнд хэрэгцээтэй мэдээлэл хүргэж, тэдний оролцоог нэмэгдүүлдэг учиртай.
2024 оны Дэлхийн усны өдрийг “Энхийн төлөөх ус” уриан дор тэмдэглэж байна. Дэлхий дахины хэмжээнд усны асуудлаар хүмүүн төрөлхтөн хамтран ажилласнаар эв найрамдал, хөгжил цэцэглэлт, нийтлэг бэрхшээлийг даван туулахад туслах эерэг нөлөөллийг бий болгох ёстой гэж үзэж байгаа аж. Ийм учраас ус бол зөвхөн ашиглагдаж, уралдаж хүртэх баялаг төдийгүй амьдралын бүхий л салбарт заяагдсан хүний эрх гэдгийг бид ухамсарлаж ажиллах хэрэгтэй гэдэгт илүү анхаарал хандуулж байгаа юм.
Энэ жилийн дэлхийн усны өдрөөр бид бүгдээрээ усны эргэн тойронд нэгдэж, илүү тогтвортой, цэцэглэн хөгжсөн маргаашийн үндэс суурийг тавьж, энх тайванд хүрэхийн тулд усыг зохистойгоор ашиглах ёстойг сануулж байна.
Энэ жилийн усны өдрийн сэдэв “Энхийн төлөөх ус” гэдэг нь Дэлхийн геостратегийн бодлогод ус ямар чухал ач тустайг хүмүүст илүү сайн ойлгуулах энэ талаар илүү бүтээлч зөв гарц хайхад чиглэгдэж байх шиг.
Яг өнөө үед оросын рашистуудын өдүүлсэн үхээрийн дайн Украины нутагт дүрэлзэж, бас Хамасын дээрэмчдийн өдүүлсэн дайн Израиль болон Палестины 30 гаруй мянган хүний амь насанд хүрч, мөн Африкийн зарим орнуудад бас бус бузар орон нутгийн цуст мөргөлдөөн өрнөж олон сая хүмүүс усгүй гачигдахад тулж байгаа үед олон улсын усны өдрийн сэдвийг НҮБ-аас сонгож авсан нь санамсаргүй зүйл бишээ.
2024 оны Дэлхийн усны өдрөөр дараах гол мессежүүдийг хүргэж байна:
- Ус нь энх тайвныг бий болгож, зөрчилдөөн үүсгэж болно. Усны хомсдол, бохирдсон, эсвэл хүмүүс ус авахын төлөө тэмцэлдэх үед хурцадмал байдал үүсэж болно. Усны талаар хамтран ажилласнаар бид хүн бүрийн усны хэрэгцээг тэнцвэржүүлж, Дэлхийг тогтворжуулахад тусалж чадна. Миний монголчууд Орос улсаас үл хамааран өөрийнхөө нутагт бүрдсэн усны нөөц, гол мөрний усаа хүн ардынхаа төлөө ашиглах бүрэн эрхтэй.
- Хөгжил дэвшил, амар амгалан нь уснаас хамаарна. Уур амьсгалын өөрчлөлт, их хэмжээний шилжилт хөдөлгөөн, ялангуяа зудын гамшгаас үүдэж гарах экологийн дүрвэгсэд зэрэг улс төрийн үймээн самуунтай тулгарсан нөхцөлд аймаг, сумдын усны хамтын ажиллагааг тэргүүн эгнээнд тавих ёстой.
- Ус биднийг хямралаас гаргаж чадна. Бид НҮБ-ын олон улсын түвшний конвенцуудаас эхлээд орон нутгийн үйл ажиллагаа хүртэл усны нөөцийг тэгш, тогтвортой ашиглах хүрээнд нэгдэж, олон нийт, хөрш зэргэлдээ улс орнуудын эв найрамдлыг дэмжиж чадна.Гэхдээ Монгол улсынхаа эрх ашиг, хүн ардынхаа сайн сайхан байдлыг тэргүүн зэрэгт анхаарах ёстой.
Таны ус талын мэдлэгт нэмэрлэхүй:
- 2.2 тэрбум хүн ундны усны нөөцгүй, түүний дотор 115 сая хүн гадаргын ус ууж байна ( ДЭМБ/ЮНИСЕФ, 2023 ).
- Дэлхийн хүн амын тэн хагас нь дор хаяж жилийн хугацаанд усны хомсдолд ордог ( IPCC, 2022 ).
- Сүүлийн 50 жилийн хугацаанд устай холбоотой гамшиг, гамшгийн жагсаалтад давамгайлж, гамшгаас үүдэлтэй нийт нас баралтын 70%-ийг эзэлж байна ( Дэлхийн банк, 2022 ).
- Хил дамнасан ус нь дэлхийн цэвэр усны урсгалын 60%-ийг эзэлдэг, 153 улс 310 хил дамнасан гол, нуурын сав газрын дор хаяж нэг нь байдаг бөгөөд эдгээр улс 468 хил дамнасан уст давхаргын системийг жагсаасан байдаг ( НҮБ-Ус, 2023 ).
- Зөвхөн 24 улс л бүх хил дамнасан сав газрууд нь хамтын ажиллагааны гэрээнд хамрагдсан гэж мэдээлсэн ( НҮБ-Ус, 2021 ).
За ингээд энхийн төлөө усаа хэрхэн ашиглах талаар монголчуудын эрх ашгийг тухай авч үзье.
Монголчууд бид усны нөөцөөр маш алаг цоог газар нутагтай.Хойд хэсэгтээ харьцангуй устай боловч төв,болон өмнөд хэсгээрээ үнэндээ хуурай, ангамал шахуу. Говиор жилдээ 50 мм-ээс ч бага тунадас унана. Говь нутагт газрын гүндээ усны нөөц маш хомс. Гэтэл говьдоо олон олон уурхай баялагтай.Тэдгээрийг ашиглах гэхээр ус дандаа дутна. Хүн амын ундны цэвэр усан хангамж ч бас ихээхэн дутмаг.
Иймд бид яах ёстой билээ. Манай судлаачид, инженерүүд өнгөрсөн хугацаанд боломжоороо судалгаа хийж, усны нөөцөө нэмэгдүүлэх, бас зохистой ашиглах талаар олон сайхан санаа сэдэж, төслийн саналууд боловсруулсан. Гэтэл тэдгээрийгээ хэрэгжүүлэх гэхээр хөрш Орос улсын түрэмгий бодлого улс төрийн шахалтын харгайгаар хэрэгжүүлж чадахгүй хэдэн арван жилийн нүүр үзэж үйл тамаа цайж байгаа нь хэний буруу вэ. Оросын талаас мэдэгдэхдээ Дэлхийн өвд багтсан Байгал нуурт танай Сэлэнгэ мөрөн цутгадаг. Иймд Сэлэнгэ мөрний сав газраас ус ашиглаж та нар ерөөсөө болохгүй хэмээн муйхарладаг. Гэтэл үнэн хэрэгтээ Сэлэнгэ мөрний усыг бид ашиглаж, шавхах ямар ч боломж байхгүй, Монголын талаас тийм санаархал ч байхгүй. Хэдэн арван усан цахилгаан станцууд босгож ,усан сан бариад ч Сэлэнгэ мөрөн, түүний цутгалуудын борооны үерийн усыг бүрэн шавхах гэж юу байх вэ дээ.
Гагцхүү хөөрхий ядарсан Монголыг 100 гаруй жил эрхшээлдээ байлгаж,дөртэй шар шиг хааш нь ч хамаагүй дураараа залж ,хөдөлгөж байсан урьдын түрэмгий хандлага шигээ өнөө үед бүүр ХХI зуунд Монголыг дахин захирах бас өөрийнхөө эрчим хүчийг Монгол руу байнга импортолж, ашиг олох , нөгөө талаар Монголыг оросын эрчим хүчний эрхшээлд байлгах гэсэн далдын санаа гэлтэй.
Манай улсын газар зүйн байршлаас шалтгаалан ихэнх гол мөрөн хил давж урсдаг. Иймд БОАЖЯ-аас гадаргын усыг хуримтлуулан ашиглах "Хөх морь" төслийг хэрэгжүүлэх санал боловсруулсан нь сайшаалтай .
Гадаргын усны тоо бүртгэлийн мэдээллээр 2021 онд 97 гол горхи ширгэж, 98 гол горхи сэргэсэн байна. Харин өнгөрсөн оны байдлаар 83 гол горхи ширгэсэн бол 52 гол горхи сэргэсэн байгаа юм. Монгол орны усны нөөцийн хувьд нийтдээ 564.8 километр куб байгаа. Үүнээс мөнх цас 19.4 километр куб, мөсөн хуримтлал 34.6 километр куб, газрын доорх ус 10.8 километр куб, нуур тойром 500 километр куб-ийг тус тус эзэлж байна гэсэн тоо байна.
Өөрөөр хэлбэл нийт усны нөөцийн зөвхөн 1.9 хувийг л газрын доорх ус эзэлж байна. Гэвч манай орны нийт ус хэрэглээ, ашиглалтын 70 гаруй хувийг газрын доорх уснаас олборлон ашигласаар л байна.
Үнэн хэрэгтээ Монгол орны гол мөрний усны нөөцийн 68 хувь нь гадагшаа урсаад алга болж байна. Гэтэл бидэнд ус дутагдсаар л байдаг. Монгол орны нутагт бүрдсэн усны нөөц бол Монголын ард түмний нөөц баялаг, өв хөрөнгө болно. Түүнийг захиран зарцуулах эрх нь зөвхөн монголчуудад байгаа. Манайд бүрдсэн усны нөөцийг бүгдийг нь хөрш улс орнууд руу урсгаж тэд нартай хуваалцах ёстой гэсэн олон улсын тийм гэрээ, конвенц ерөөсөө байхгүй. Монгол орны жилийн дундаж хур тунадас 47-250 мм байдаг .БОАЖЯ-ны боловсруулаад байгаа “Хөх морь” төсөлд гадагш урсацтай болон Төв Азийн гадагш урсацгүй ай савд багтах голууд аль аль нь багтсан гэдгийг хэлье.
Анх БОАЖЯ-ны захиалгаар Монголын томоохон голууд дээр гадаргын усны хуримтлал бий болгох, усан сан, усан цогцолбор байгуулах боломжтой 33 байршлыг тодорхойлсон байдаг. Хэрэв энэхүү 33 байршилд усан сан үүсгэх юм бол нийт 52 тэрбум куб метр ус хуримтлуулах боломжтой гэдэг техникийн урьдчилсан тооцоолол хийсэн байдаг.Энэ их ус нь Монголын нутагт орох хур борооны үерийн уснаас зонхилон бүрдэх юм.
Ядаж эхний ээлжид 10 байршилд усан сан байгуулах юм бол 3.6 тэрбум куб метр усны хуримтлал үүсгэх боломжтой гэж тооцоолжээ.
Үүнээс тэргүүн ээлжид БОАЖЯ, Усны газраас хэрэгжүүлэхээр зэхэж буй төсөл нь "Хэрлэн-Тоонот", "Орхон-Онги" бололтой . Одоогийн байдлаар "Орхон-Онги" төслийг "Онги-Цагаанбургастай" гэсэн нэршлээр үргэлжлүүлэхээр болсон.
Эрчим Хүчний яамны харьяанд хэрэгжиж байгаа төсөлд "Эгийн гол", "Байдраг" болон Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төслүүд эдгээрт бас хамаарна.
"Байдраг"-ийн усан цахилгаан станцын ТЭЗҮ хийгдэж Унгар улс түүнийг санхүүжүүлж барих асуудал яригдаж байгаа бол Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц барих газрын иргэдийг нүүлгэн шилжүүлэх ажил үе шаттай үргэлжилж байна
Энэ дотроос хэдэн жилийн турш амны уншлага болсон Эгийн голын Усан цахилгаан станцын төсөл бол бүүр хөгийн хууран мэхлэлт болоод байна. Эгийн гол дээр УЦС барьчихвал Байгал нуурын ус багасаж орос улс сүйрэх болно гэсэн хоосон домог зохиогоод түүнийгээ хэдэн “троллуудаар” хөөрөгдөж олон нийтийн сэтгэлийг үймүүлж,элдэв самуун дэгдээх санаатайг нь яана.
Монголчууд буулт хийгээд Эгийн голын сав газарт биологийн төрөл зүйлд үзүүлэх нөлөөллийг судлах ажлыг өнгөрсөн хугацаанд оросын шахалтаар Францийн судлаачид, монгол -оросын судлаачид хамтран 2018-2021 онд хийсэн болно. Энэ судалгааны монголын талын багийг миний бие ахалж ажилласан билээ. Судалгааны үр дүн нь боломжийн буюу Эгийн голын биологийн олон янз байдалд ямар нэгэн нөлөөгүй гэж гарсан.Гэвч энэ боломжийг ашиглаад бид цаашаагаа явж болох юм. Гэвч манай талынхан бас л хулчийгаад байгаа юм уу, нэг л бүрхэг болчхоод байна.
Бодит байдлыг өгүүлэхэд "Эгийн гол"-ын биологийн олон янз байдлын судалгааг гүйцэтгээд түүнийгээ Дэлхийн өвийн төвд өнгөрсөн онд хүргүүлсэн билээ.Гэвч Оросууд тэнд хэлэлцүүлэх асуудлыг аргацаан хойшлуулж, хоёр орныхон хоорондоо тохирох тухай ярьсан. Гэвч тэр тохиролцоо болоогүй бөгөөд бас л өнөөх “Эгийн голын УЦС-ыг та нар бариад яахав, өөр арга бодох тухай” элдэв заль мэхээ ярьсаар л байгаа.
Гадаргын усаа хуримтлуулж, ашиглах боломжийг бий болгосон томоохон жишээ бол "Тайшир-Алтай" төсөл юм. Тайширын усан цахилгаан станц нь "Гэгээн нуур ” нэртэй хиймэл нуураас ус татаж, Говь-Алтай аймгийн төвийг стандартын шаардлагад нийцсэн цэвэр усаар хангаж байгаа төсөл гэдгийг онцлох хэрэгтэй.
Үүнээс гадна одоогийн байдлаар ширгэсэн нуур, гол горхи, булаг, шандыг нөхөн сэргээх, хиймэл нуур, цөөрөм хийх цөөн тооны ажлууд хийгдэж байгаа. Мөн гол горхи, бороо, цасны ус, мөстлийн хайлалтаас бий болох усны нөөцийг хуримтлуулах хөв, усан сан байгуулах ажлыг өргөжүүлэн усны нөөцийг хуримтлуулах, хамгаалах, хүн амын унд ахуйгаас бусад хэрэглээнд ашиглах ажлыг хийж байгаа боловч урагш муутай, тодорхой үр дүн гарахгүй байна.
Жишээлбэл, Хөвсгөл аймгийн Ринченлхүмбэ сумын нутагт орших 30 сая.м3 орчим эзлэхүүнтэй байсан ч 1970-аад оны үеэс хатаж ширгэсэн Цойцон нуурыг нөхөн сэргээх төслийн хүрээнд усны барилга байгууламжийн зураг төсөл боловсруулан, барьж байгуулах ажлыг хийж гүйцэтгэсэн нь сайшаалтай. Ингээд 2022 оны есдүгээр сараас нуурын ус нөхөн сэргэж эхлээд байна.
Манай улсын ус ашиглалтын байдлыг унд ахуй, үйлдвэр, ахуйн үйлчилгээ, мал аж ахуй, усалгаатай тариалан, эрчим хүч, дулаан, уул уурхайд салбараар нь жил бүр тооцон гаргадаг. Өнгөрсөн оны байдлаар улсын хэмжээнд нийт 606.2 сая куб метр ус ашигласан байна. Тодруулбал:
- Уул уурхайд 92.54 сая куб метр буюу 19 хувь
- Усалгаатай газар тариаланд 153.5 сая куб метр буюу 25.3 хувь
- Унд ахуйд 86.38 сая куб метр буюу 14.2 хувь
- Үйлдвэр, ахуй үйлчилгээний салбарт 42.44 сая куб метр буюу 7 хувь
- Мал аж ахуйд 185.1 сая куб метр буюу 30.5 хувь
- Эрчим хүчний салбарт 46.24 сая куб метр,7.2 хувийг тус тус ашиглажээ.
Газрын доорх усыг мал аж ахуй, газар тариалан, уул уурхайд ашиглах хэрэгцээ жил бүр өсөн нэмэгдэж байгааг дээрх тооцооллоос харж болно. Тэгэхээр уул уурхайд газрын доорх ус ашигладаг байдлыг үе шаттайгаар хязгаарлах шаардлагатай байна. Харин уурайнхантай хамтарч Хангайгаас говь руу ус татах төслийг хэрэгжүүлэх хэрэгтэй байгаа юм
Говийн бүс дэх газрын доорх ус нь тэжээмжийн хувьд нэн бага, нөхөн сэргэх хугацаа маш урт байдаг. Гэвч говийн бүсийн усны хэрэгцээ 2-3 дахин нэмэгдэх хэтийн төлөвтэй байна. Иймд Монгол орны нэн жигд бус тархсан усны нөөцийг нутаг дэвсгэрийн хувьд хуваарилах шаардлага үүсээд буй.
Жишээлбэл, гадаргын усны нөөц харьцангуй их хангайн бүсээс усны алдагдал багатай буюу газар доогуурх шугам хоолойгоор усыг говийн бүсэд шилжүүлэн ашиглах ихээхэн боломж бий. Гэвч энэ талаар ярьсаар байгаа боловч хэрэгжүүлэх талаар юу ч хийхгүй байгааг тэмдэглэж байна.
Бид энхийн төлөө усаа ашиглахаар юу хийх ёстой вэ?
Төрөөс Усны газар, Ойн газар гэсэн хоёр агентлагийг байгуулж улс орны усан хангамжийг нэмэгдүүлэх үйл ажиллагааг хэрэгжүүлэх, мөн ойн агентлагаар тэр бумаар цуурайтах мод тарих ажилд төр, хувийн хэвшил, иргэдийн оролцоотой гүйцэтгүүлэх зорилго тавьсан. Гэвч үнэн хэрэгтээ энэ хоёр байгууллага төрийн хүнд суртлын аппарат болсноос өөрөөр, өмнөө тавьсан хамгийн гол зорилго, үйл ажиллагааг удирдаж зохицуулахдаа удаашралтай байна.
Дээр дурдсан төслүүдийг хэрэгжүүлэх сум, аймаг,орон нутагт бороо цасны усыг тогтоох хөв байгуулахаас эхлээд усаа бага багаар хадгалж үлдэх , улс орны хэмжээнд багаас дунд, дундаас том хэмжээтэй усан сан байгуулах ажлыг усны агентлаг удирдан зохион байгуулах хэрэгтэй байгаа юм. Ялангуяа Хангайгаас Говь руу ус татах ажил бол тийм ч хэцүү зүйл биш. Тайширын УЦС буюу Гэгээн нуураас 100 гаруй км зайд Алтай хот руу газар доогуур хоолойгоор ус татсан туршлага байгааг өмнө дурдсан. Энэ туршлагаа ашиглаж түүнээс 8 дахин хол зайд Орхоноос ус татаж Говь руу явуулах бүрэн боломж бий. Энэ талаар хийсэн судалгаа, ТЭЗҮ бас бэлэн байгаа. Миний бие “Орхон - Говь” төслийн байгаль орчны судалгаанд хэдэн жилийн өмнө оролцож байсан билээ. Иймд энэ төслийн асуудлыг зохих хэмжээгээр гадарлах бөгөөд тус төслийг бодит ажил болгож хэрэгжүүлэх мөнгийг Говь нутагт уурхайн олборлолт явуулж байгаа компаниудын сайн дурын хөрөнгө оруулалтаар босгох бүрэн боломжтой. Зөвхөн санаачилга, зүтгэл , хэлцэл хэрэгтэй байгаа юм.
Мөн Эрдэнэбүрэнгийн УЦС, Эгийн голын УЦС-ын байгаль орчны судалгаанд би өөрийн биеэр оролцож байсан.Тэдгээр судалгаанаас үзэхэд байгаль орчин, нийгэмд дээрх усан сангуудаас учрах хохирол гэж байхгүй, харин ч удаан хугацааны дараа эдийн засаг, нийгмийн үр ашиг давамгайлах бөгөөд бас уур амьсгал тэр орчиндоо зөөлөрч, экологийн үр ашиг гарах боломжтой юм. Гэтэл эдгээр төслүүдийг эрчимжүүлэх талаар бас л холбогдох газрууд хүчин чармайлт гаргахгүй байна. Энэ бүх төслүүд бол манайдаа “ энхийн төлөөх ус “ үйл ажиллагаа билээ.
Үнэхээр л усыг энхийн төлөө ашиглах ёстой юм бол бид өөрийн усаа дайн өдөөгч Орос руу зүгээр урсгах бус харин монголчуудынхаа энх амгалан амьдрал хөгжлийн төлөө зориулах ёстой. Хэрвээ энэ зорилгоос хулчийгсдыг дайныг дэмжигчид гэж хэлэхэд ч хилсдэхгүй гэж бодож байна .
Усын энхийн төлөө зориулъя гэж байгаа юм бол энхийн эсрэг хар дайн хийж байгаа улс орон руу усаа урсгаж, тэдний эрх ашгийг хамгаалж, харин өөрийн улсын ирээдүйд усаа хуримтлуулан, иргэдээ цэвэр ус уух эрх ашгийг умартаж хэзээ ч болохгүй. Хэрвээ дээрх төслүүдийн эсрэг зогсож байгаа хүмүүс байх юм бол эх орон, ард түмнийхээ эрх ашгийг үл тоогчид гэж хэлж болохоор ч юм шиг болно.
Монголын нутаг дээр бүрдсэн монголын баялаг, цэвэр усаа дайн түрэмгийлэл хийгч улс орны төлөө зориулах бус хүн зоныхоо энх амгалан байдал, аж амьдралын төлөө зориулах гэгээн үйлсийн аянд хамтдаа нэгдэцгээе
Хүн ардаа, та бүхэн "Энх тайвны төлөөх ус" дэлхийн кампанит ажлын нэг хэсэг болоорой. Бидэнд хувь хүн, гэр бүлээс эхлээд компани,төр ,засаг хүртэл бүгдээрээ усны асуудлаар хамтран ажиллаж, илүү эв найртай нийгэмд хүрэх замыг тавихын тулд чадах бүхнээ хийх хэрэгтэй.
Дэлхийн усны өдөрт оролцохын тулд эх сурвалжуудыг татаж аваад ус ба энх тайвны хоорондын уялдаа холбоог мэдэж аваарай .Монгол орныхоо усны том төслүүдээ хөдөлгөхөд хүн бүхэн хүчин чармайлт гаргаарай хэмээн уухайлан дуудаж байна.
Хий-шингэний физикч, инженер Ц.Адъяасүрэн
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
