Цаасан дээрх кино гэгддэг “комик ном” Монголд танигдаад нэлээд хугацаа өнгөрчээ. Хэдий комик номын соёлыг нутагшуулаад 100 гаруй жил болсон Америк, Японтой харьцуулахад Монгол улсад энэ салбар нь жижиг ч гэлээ, шинэ үеийн залуучууд "комик" соёлоор дамжуулан хүүхэд залуучуудын хүмүүжил, танин мэдэхүйд нөлөөлөх үйлсэд хувь нэмрээ оруулсаар байна.
Үүний нэгэн тод жишээ нь Хонмоно Комикс студи бөгөөд DC, Marvel-ийн супер баатруудтай адил дэлхийд танигдах супер баатрыг Монгол улсаас гаргаж, хүүхэд залуучуудын урам зориг, хүсэл тэмүүллийн оч болох зорилгоор Супер баатар жанрын “Хонмоно Дайчин” гэх цуврал комик номыг гаргаж байгаа билээ.
Хонмоно комикс студийн хамт олон дэлхийд гарах зорилгынхоо анхны алхмыг Японд амжилттай хийж чаджээ. 2023 оны 12 дугаар сарын 30-31-ний хооронд болсон Япон улсын комик, манга болон анимэ-тэй холбоотой хамгийн том фестиваль болох “Comic Market (Comiket)” -д Монгол улсаа төлөөлөн Хонмоно комикс студи оролцож "Хонмоно Дайчин" бүтээлээ амжилттай танилцуулсан байна.
Уг фестиваль нь 103 дахь удаагаа зохион байгуулагдсан бөгөөд 2 өдрийн турш нийт 270 мянган хүн 70 гаруй улсаас хүрэлцэн ирж оролцсон юм.
Мөн хамгийн онцлох зүйл нь Хонмоно Дайчин комикс өөрсдийн онцлог болох AR технологиороо үзэгчдийг гайхшируулсан явдал байжээ. Монголын төдийгүй дэлхийн хүүхэд залуучуудын хүсэл тэмүүллийг оргилуулах супер баатрыг гаргахаар ажиллаж буй Хонмоно комиксын хамт олон үүгээр амжилтынхаа үүд хаалгыг нээж буй биз ээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!