ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/02/26-НД НИЙТЛЭГДСЭН

"Согтуугаар дахин тээврийн хэрэгсэл жолоодсон 185 материалд эрүүгийн хэрэг үүсгэсэн. Арвыг нь шүүхэд шилжүүллээ"

Б.Билгүүн, iKon.mn
2024 оны 2 сарын 26
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

2024 оны нэгдүгээр сарын 1-нээс Зөрчлийн болон Эрүүгийн хуульд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон бол оногдуулах ялыг чангатгасан. 

Энэ талаар Тээврийн Цагдаагийн Албаны Зөрчил шалгах хэсгийн дарга, дэд хурандаа Ц.Чинзориг "Хууль хэрэгжиж эхэлснээс хойш өнөөдрийн байдлаар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 2,253 зөрчил бүртгэгдсэн.

Үүнийг өмнөх онуудын мөн үеийн бүртгэгдсэн зөрчилтэй харьцуулбал:

  • 2022 оны мөн үетэй харьцуулбал 67.5 хувь
  • 2023 оны мөн үетэй харьцуулбал 58.5 хувиар буурсан эерэг үзүүлэлттэй гарсан.

Одоогийн байдлаар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчлийг давтан үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн 27.10.5 заалтаар эрүүгийн хэрэг хянан шалгах ажиллагаанд байгаа 185 зөрчил материал байна. Арвыг нь шийтгэл оногдуулахаар шүүхийн байгууллагад шилжүүлсэн.

Мөн энэ оны нэгдүгээр сарын байдлаар

  • согтуугаар үйлдэгдсэн гэмт хэрэг ес бүртгэгдэж 43.8 хувиар
  • согтуу жолоочийн улмаас амь нас хохирсон дөрөв бүртгэгдэж 33 хувиар
  • гэмтсэн хүн тав буюу 61.5 хувиар,
  • согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож эрүүлжүүлэгдсэн этгээд 53 бүртгэгдэж 72.1 хувиар тус тус буурсан" гэлээ. 
Эрүүгийн хуулийн 27.10.5 Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн бол тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. 

Өөрөөр хэлбэл  

  • Жолооч согтуурсан үедээ машин барьсан эхний удаад жолоодох эрхийг нэг жилээр хасаж, 400,000 төгрөгөөр торгоно. Эсвэл 7-30 хоног баривчлах шийтгэл оногдуулахаар Зөрчлийн хуульд өөрчлөлт орлоо.
     
  • Харин тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан, согтуурсан үедээ дахин машин барьсан, шалгуулахаас зайлсхийсэн бол эрүүгийн хуулиар хариуцлага хүлээлгэнэ. Энэ тохиолдолд 1-3 жилээр жолоодох эрхийг хасах, 2,700,000-14,000,000 хүртэл төгрөгөөр торгох, 240-720 цаг нийтэд тустай ажил хийлгэх, эсвэл 6 сараас 3 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл 6 сараас 3 жилийн хорих ял оноохоор болсон.