Засгийн газрын 57 дугаар тогтоолоор жил бүрийн 11 дүгээр сарын 1-нээс тавдугаар сарын 1-нийг хүртэлх хугацаанд хурдан морины уралдаан, үсэргээ, сунгаа зохион байгуулахыг хориглосон байдаг.
Гэтэл өнгөрсөн долоо хоногт Налайх дүүрэгт хурдан морины уралдаан зохион байгуулсан гэх мэдээлэл гараад байна.
Энэ талаар тус дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсээс тодруулахад "Налайх дүүрэгт том хэмжээний хурдан морины сунгаа, уралдаан болоогүй.
Хэсэг бүлэг хүмүүс морио уралдаанд бэлтгээд үсэргээ хийсэн байж болзошгүйг цахимаар цацагдсан зураг дээрээс ажиглаад цагдаагийн байгууллагад өгсөн. Шалгаж байгаа. Уг зураг нь энэ оных мөн эсэхийг тогтооно. Налайх дүүрэгт хурдан морины сунгаа, уралдаан болоогүй, харин үсэргээ явагдаж байсныг хүмүүс зургийг нь авсан юм болов уу гэж бодож байна.
Монгол Улсын нутаг дэвсгэр дээр жил бүрийн 11 дүгээр сарын 1-нээс тавдугаар сарын 1-нийг хүртэлх хугацаанд хурдан морины уралдаан, үсэргээ, сунгаа зохион байгуулахыг хориглосон Засгийн газрын тогтоол байдаг.
Хэрвээ морины үсэргээ, сунгаа, уралдаан зохион байгуулсан бол тогтоол зөрчсөн болно. Хэн гэдэг иргэн тогтоол зөрчиж, морины үйл ажиллагаа зохион байгуулсныг Цагдаагийн байгууллага шалгаж байна.
Морины үсэргээ зохион байгуулсан гэх мэдээлэл гарснаас хойш дүүргийн хэмжээнд хяналт шалгалтыг олон давтамжтай хийж байна. Энэ үед үсэргээ зохион байгуулсан, ноцтой зүйл ажиглагдаагүй. Гэхдээ шалгалтын ажиллагаа уяачдын жүчээгээр өргөн цар хүрээтэй үргэлжилж байна.
Налайх дүүргийн нутаг дэвсгэрт байгаа морины жүчээнүүд цоожтой байна. Тэгэхээр морио машин дээр ачиж ирээд үсэргээ хийсэн байж болзошгүй. Иргэдээс авсан мэдээллийг цагдаагийн байгууллага шалгаж байгаа. Мөн морь унаж байгаа хүүхдэд хяналт тавьж байна. Одоогийн байдлаар Цагдаагийн байгууллагаас манай байгууллагад хурдан морины үйл ажиллагааны шалгалтын талаар мэдээлэл өгөөгүй байна.
Дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсээс цагдаагийн байгууллагатай хамтран өдөр, оройн цагаар хяналт тавьж байгаа юм. Ойрын хугацаанд морь уралдуулах гэж байж магадгүй гээд хяналтаа олон давтамжтай болгосон.
Тухайн уяач өөрийн хүүхдээ морин дээр мордуулаад ойрхон зайд үсэргээ хийлгэвэл Засгийн газрын тогтоол зөрчсөн болно. Өөр айлын хүүхдийг ээж, аавтай нь зөвшилцөөд морь унуулж байгаа эсэхэд хяналт тавьдаг.
Тавдугаар сарын 1-нээс хойш морио уралдуулж болох тул Засгийн газрын тогтоолыг зөрчихгүй байхыг уриалъя.
Хурдан морины уралдаан, үсэргээ, сунгааг хориглосон тогтоолыг зөрчсөн тохиолдолд хүнд хэлбэрийн зөрчил, хүүхдийн эрх яригдах болохоор гэмт хэргийн шинжтэй болохыг үгүйсгэхгүй. Ногдох шийтгэлийг хуулийн байгууллага тогтооно" хэмээн ярилаа.
Хориглосон хугацаанд хурдан морины үсэргээ, сунгаа, уралдаан зохион байгуулж байгаа газрын мэдээллийг 108, 102 дугаарт иргэд өгч болох юм байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
7 СЭТГЭГДЭЛТЭЙ
|