Д.Амарбаясгалан: "Эрдэнэс Тавантолгой" компанид дахин БЭТ томилохоор боллоо
Засгийн газар өнөөдөр ээлжит хуралдаанаа хийж, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарт процессын дахин инженерчлэл хийсэн талаар, гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, “Эрдэнэс таван толгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн хугацаанд хэрэгжүүлсэн ажлын тайлан, өвлийн аялал жуулчлал, ирээдүйн өв сантай холбоотой авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний талаар, шүүх байгуулах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар зэрэг 25 асуудлыг хэлэлцжээ.
Хуралдаанаар ярилцсан асуудал болон гаргасан шийдвэрийн талаар мэдээлж байна.
ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан “Гадаад валютын мөнгөн урсгалын нэмэгдүүлэх зорилготой тогтоол 2022 оны 10 дугаар сарын 26-нд гарч байсан. Үүнтэй холбоотойгоор уул уурхайн бүтээгдэхүүний экспортын орлогыг нэмэгдүүлэх, Монгол Улсын эдийн засагт тодорхой хувь нэмрээ оруулж байгаа Эрдэнэс Тавантолгой ХК-ийн үйл ажиллагааг сайжруулахаар бүрэн эрхт төлөөлөгч томилогдон ажиллаж байв. Бүрэн эрхт төлөөлөгч нь Засгийн газраас зургаан сарын хугацаатай томилогдон ажилласан. Ажлын үр дүнг УИХ-д танилцуулснаар дахин зургаан сарын хугацаатайгаар тогтоолыг гаргасан байдаг. Улмаар аравдугаар сарын 26-нд БЭТ-ийн ажиллах хугацаа дууслаа.
Засгийн газрын хуралдаанаар БЭТ-ийн ажилласан байдлын танилцуулгыг хийж, эдийн засагт үзүүлсэн үр нөлөө, гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэхэд оруулсан ЭТТ компанийн хувь нэмрийг үнэллээ.
Цаашид компанийн удирдлага, бүтэц, бүрэлдэхүүнтэй холбоотой асуудлыг шинэ түвшинд гаргах шаардлагатай байна гэж үзэж, арваннэгдүгээр сарын 26-нд дахин Засгийн газрын Бүрэн Эрхт Төлөөлөгчийг/БЭТ/ дахин томилохоор боллоо.
Ирэх сарын 26-н хүртэл дотоод хяналт шалгалт, аудитын газрын даргыг БЭТ-ийн түр орлон гүйцэтгэгчээр ажиллуулна" гэв.
ШУУД ҮЗЭХ:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
