Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга, сайд Ж.Сүхбаатар ёс зүйн хариуцлага хүлээж, албан тушаалаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгснөө өнөөдөр мэдэгдлээ. Тэрбээр шинэ, хуучин гэгдээд буй ногоон автобусны талаар тайлбар өгч, сэтгүүлчдийн асуултад хариулав.
Тэрбээр "Нийтийн тээврийн салбар Улаанбаатар хотын хөгжлийн хамгийн чухал зүйл. Нийтийн тээврийн хөгжлийн түвшнээр хотын хөгжил тодорхойлогддог. Улаанбаатар хотын 2.8 сая зорчилт хөдөлгөөний 64%-ийг хувийн автомашинаар хийж байгаа.
Улаанбаатарт нийтийн тээвэр хүнд байгааг бүгд ойлгодог. Сайдын ажлыг авахад миний бодсоноос хүнд байсан.
2022, 2023 онд мянга орчим автобус ашиглалтаас гарах нөхцөл байдал үүссэн байсан. 2022 онд 300 орчим, ойрын саруудад 750 гаруй автобус ашиглалтаас гарна. Энэ өвөл 14 жилийн насжилттай болсон 280 автобус ашиглалтаас гарах болж байна.
Өнгөрсөн онд хотын удирдлага улаан автобусны асуудлыг шийдвэрлэсэн. 2023 онд Засгийн газрыг оролцуулах хэрэгтэй гээд намайг сайдаар тавьсан. Миний хувьд хэл амтай энэ ажлыг хот өөрсдөө явуулах чадамжтай гэсэн. Яамгүй сайд учраас нийслэл хот руу эрхээ шилжүүлсэн байдаг.
Тендерийн хуулийн хамаарахгүй байх нөхцөлд оруулаад өмнө нь 60 автобусыг авахад шийдэж чадаагүй байдлыг өөрчилсөн.
Миний хувьд автобусны үнэ, чанарыг чухалчилсан. Төсөв баталж байх үед 500 ширхэг үнэтэй, чанартай автобус авна гэж тооцож байсан ч сүүлд 300 автобус дутах тооцоо гарч ирсэн.
Эхлээд 500 автобусыг шийдье гэж бодсон ч энэ онд багтаан 100 автобусыг авахаар шийдэж, тоонд ач холбогдол өгсөн. Энэ нь миний алдаа болсон байх. Цавчаа үүсгэхгүйн тулд 500 автобус авах тооцоогоо 800 болгосон. Ихэнхийг нь цахилгана автобус авъя гэж байсан ч эрчим хүчний асуудалтай болохыг мэргэжлийн хүмүүс хэлж байв.
Ингээд 600 дизель автобус авахаар болж, шалгарсан компани нь "Тэнүүн-Огоо" компани. Нийлүүлэгч тал нь БНСУ-ын "Zyle Daewoo Motors" буюу цаад том компани нь Union Hub компани. Манай иргэд уг компанийг байх, байхгүй тухай ярьж байгаа. Автобус авахдаа чанарыг эрхэмлэх, гүйлгээ, миний бүх юм шалгагдана, бүгдийг хууль журмын дагуу хийхийг хэлж, сануулж байсан.
Daewoo олон төрлийн бүтээгдэхүүн, компанитай. Автобус нь "Zyle Daewoo Motors" гэдгээрээ байгаа.
Daewoo рүү баг явуулсан. 100% Солонгосын сэлбэг хэрэгсэлтэй, Тяньжины боомтоос автобуснуудыг авчирсан жолооч нар үзүүлэлтүүд өмнөхөөс сайжирсан гэдэгт итгэсэн. Daewoo-гийн нэр хүнд, чанарт ч итгэсэн. Гэхдээ будаг замаскт нарийвчилсан шалгалт хийх ёстой байсан байх.
Гүйцэтгэгч компанийг тэнд нь ажиллуулах хэрэгтэй байж гэж бодсон" хэмээн тайлбарлав.
Түүнчлэн "Автобусны жинхэнэ хулгай явж байгаа. Нийтийн тээврийн салбар дампуурч, ялзарсан нь харагдаж байгаа, олон зуун тэрбумаар нь мөнгө авч байна. 17 ААН 16 болсон. Хувийн хоёр компани ажилладаг, бодлого тодорхойгүй. Энэ байдлаар 2014 оноос зорчигчдын тоо буурсан. Энэ салбарт орохоор барьцаалагддаг юмуу, айдаг юмуу энэ асуудлыг орхичихсон. Нийтийн салбар руу ороод хаалгыг жоохон онгойлгоход далд эсэргүүцлүүд өнөөдөр ил гарч ирж байна. Нийтийн тээврийн шинэчлэлийн ажил надаас болж зогсох ёсгүй.
Заримдаа эрүү шүүлт дор ажиллаж байгаа юм шиг мэдрэмж төрдөг байсан. Хамгийн чухалд тооцож байсан автобусны нийлүүлэлтийн процесст хяналт тавьж чадаагүй байдлаар асуудал яригдаж байгаа нь хүнд байдал үүсгэлээ. Хууль хяналтын байгууллага шалгаж, мэргэжлийн хүмүүс уг автобусыг шинэ, хуучныг тогтоох учиртай.
Түгжрэл тусдаа асуудал биш, түгжрэлд зам гүүр, газар чөлөөлөлт, сургууль, цэцэрлэг зэрэг бүх асуудал ордог. Тухайлбал 12 дугаар сард Туулын гүүр ашиглалтад орно. Ард Аюушийн өргөн чөлөөний хөндлөн шугамын холбоос зам хийгдэж байна. Эдгээр нь ашиглалтад орвол Энхтайваны өргөн чөлөөний замын ачаалал эрч буурах жишээтэй.
52 сургууль бидэнд хэрэгтэй байгаа. 92,000 хүүхэд өдөр тутам хотын төв рүү сургууль, цэцэрлэгт явж, 100,,000 машин хүүхдээ хүргэхээр хөдөлгөөнд оролцдог гэх мэтийн асуудлууд байна" гэв.
Хууль тогтоогчийн хувьд авлига, хулгайтай тэмцэнэ гэдгээ мэдэгдсэн юм.
Мэдээллийн дараа тэрбээр сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
-Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын дарга Энхтайван таны зөвлөхөөр ажиллаж байсан. Эрх ашгийн болон бусад асуудал үүсвэл та шалгуулахад бэлэн үү?
-Шалгуулахад бэлэн.
-Засгийн газрын тухай хуульд сайд огцрох өргөдлөө өгөхийг танхимтайгаа зөрчилдсөн эсвэл хүндэтгэх шалтгаанаар гэсэн хоёр заалтаар хязгаарласан. Таных дүрмийн бус чөлөөлөлт болчихоор эрүүгийн хариуцлага хүлээлгэх ч юмуу шалгуулахад бэлэн байгаа юу?
-Ажлаас чөлөөлөгдөх нь сайн дураар байдаг. Огцруулна гэдэг нь сайн дураар биш дээд албан тушаалтан хариуцлага тооцож, хийдэг ажил. шалгах боломж нь хуулиар нээлттэй. Монголын бараг бүх байгууллагад миний шавь нар бий. Эрх ашгийн зөрчил байвал хууль хяналтын байгууллагаар тогтоогдоно.
Шалгалт ямар хүрээг хамрах, яаж шалгагдахыг би мэдэж байгаа. Энд зогсож байхад надаас үл хамаараад шалгалтын ажлууд бүгд хийгдэж байгаа.
-Автобусны будаг замаскийг үзэж авах ёстой сайд нь хүлээж авахад байсан юмуу?
-Будаг замаскийг үзэх ёсгүй л дээ. Мэргэжлийн хүмүүсээс бүх үзүүлэлтүүд сайжирсан мэдээллийг авсан. Будаг замаскийг муу хийнэ гэж бодсонгүй, толгойд энэ талаар орж ирсэнгүй. Энэ талаар хэн нэгэн хэлсэнгүй, энгийн хийчих ажил. Ёс зүйн хариуцлага хүлээж буй нь шалгалтын ажлаас зугтаж байгаа зүйл биш.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!