ОХУ-ын Оскарын шагналын хороо үйл ажиллагаагаа зогсоож, ирэх оны Академийн Шагналд бүтээл нэр дэвшүүлэхгүй болсноо өчигдөр зарлажээ.
Өнгөрсөн онд 95 дахь удаагийн Оскарын шагналд бүтээл нэр дэвшүүлэх эсэх асуудлаар маргасны улмаас тус хорооны тэргүүн огцорч байсан юм.
Тухайн үед хорооны зарим гишүүд нэр дэвшүүлэхийг дэмжиж, Кремлийн алдартай найруулагч Никита Михалков зэрэг хүмүүс эсэргүүцсэний улмаас зөрчил гарч байжээ.
“Орос улс хориг арга хэмжээнд бүслэгдэж, Оросын соёл, спорт болон бусад салбарууд хавчигдан гадуурхагдаж байгаа энэ цаг үед Америкийн Академийн шагналд бүтээлийн нэр дэвшүүлэх нь туйлын зохимжгүй юм” гэж хорооны гишүүн, найруулагч, жүжигчин Федор Попов мэдэгдсэнийг ТАСС агентлаг дамжуулсан байна.
Зөвлөлт Холбоот Улс 1963-1991 онуудад кино уран бүтээлээ Оскарын шагналд нэр дэвшүүлснээс 1968 онд “Дайн ба Энх”, 1975 онд “Дерсу Узала”, 1980 онд “Москва нулимсанд дургүй” бүтээлүүд шалгарч байв.
Харин Зөвлөлт Холбоот Улс задарсны дараа ОХУ-ын уран бүтээл нэг удаа Оскарын шагнал хүртсэн нь 1994 оны Никита Михалковын “Утомлённые солнцем” кино байжээ.
Украины дайн эхэлснээс хойш эдийн засгийн хоригт орсон Орос улсад Өрнөдийн дэлгэцийн бүтээлүүд гарахгүй болсон. Одоо тус улсын зах зээлд дотоодын уран бүтээлүүд давамгайлж байгаа.
Хоосорсон орон зайг дотоодын уран бүтээлээр нөхөх зорилгоор ОХУ-ын засгийн газар кино салбарыг дэмжих хөрөнгийн хэмжээгээ 2022 онд хоёр дахин өсгөж, 14.9 тэрбум рубльд ($160 сая) хүргэжээ.
Эх сурвалж: The Moscow Times