Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт 2023 оны гуравдугаар сарын 6-7-нд шилжих шөнө иргэн Э нь 3 настай дагавар хүүгийнхээ биед халдаж зодсон гэх хэрэг олны анхаарлын төвд орсон. Хүүг түүний ээжтэй хамтран амьдрагч Э зодсон нь тогтоогдсон болохыг цагдаагийн байгууллагаас мэдээлж байв. Уг хэргийн шийдвэрлэлтийн талаар өнөөдөр мэдээлэл өглөө.
Тус хэрэгт Баянгол дүүргийн Прокурорын газраас хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр цагдаагийн байгууллагад 2023 оны наймдугаар сарын 21-ний өдөр ирүүлснийг хүлээн авч, нэмэлт ажиллагааг хийж гүйцэтгэн энэ долоо хоногт шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын хяналтад шилжүүлэхээр ажиллаж байгаа юм байна.
Иргэн “Э”-ийн үйлдэлд 2023 оны гуравдугаар сарын 10-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, /Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах, хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн/ мөн хуулийн 16.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт/Хүүхэдтэй хэрцгий харьцах/ тус тус зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, шалгаж эхэлсэн юм.
Уг хэрэгт холбогдон шалгагдаж буй Э-ийн бусдыг залилсан үйлдэлдээ анхан шатны шүүхээс 9 жил хорих ял оноосон бөгөөд тэрбээр шүүхийн шийдвэрийг давж заалджээ. Үүнээс гадна хүүхдийг зодсон хэрэгт дахин ял шийтгэгдэхээр шалгагдаж байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!