Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/09/20-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Жавхлан: Захиалагчаас 107 компанийг хар жагсаалтад оруулах санал ирж, шалгалт хийгдэж байна

М.Батчимэг, ikon.mn
2023 оны 9 сарын 20
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Засгийн газрын ээлжит хуралдааны шийдвэрийг танилцуулж байна. 

Сангийн сайд Б.Жавхлан "Төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж буй барилгын ажлууд, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Засгийн газрын хуралдаанаар хэлэлцлээ. Улсын хэмжээнд 736 төсөл арга хэмжээ төсвийн хөрөнгө оруулалтаар үргэлжилж байна.

Онцгой анхаарал татсан буюу 8-аас дээш жил үргэлжилж, хэд хэдэн удаа үнийн хүсэлт төсөвт суугдсан өнөөдрийг хүртэл дуусаагүй буй 25 төсөл арга хэмжээ байна. Эдгээрийг яаралтай дуусгах үүрэг бүхий Шадар сайд С.Амарсайханаар ахлуулсан ажлын хэсэг байгуулагдаж, 7 хоногийн хугацаатай ажиллахаар боллоо.байгуулагдлаа.

Хугацаа алдсан, удаан жил үргэлжилж буй төслүүдийн 60-70 хувь нь ТЭЗҮ бэлэн бус, төсвийн ерөнхийлөн захирагч талаас болон захиалагч талаас болж төсөл удааширсан судалгаа гарлаа. Төрийн хэмнэлтийн хууль болон ирэх сарын 1-нээс хэрэгжих Төрийн худалдан авах ажиллагааны хуулийн дагуу зураг төсөл, бэлтгэл нь бүрэн хангагдсан төслүүдийг төсөв төлөвлөх үед авна. УИХ-д өргөн барихдаа бэлтгэл 100% хангагдсан байх, гүйцэтгэгч тал төслийг хугацаанд нь дуусгаж байх шаардлага тавина. 

Төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэгч, тендерт оролцогч компаниудыг хар жагсаалтад оруулах шаардлагуудыг нээлттэй болгох, захиалагч болон гүйцэтгэгч талд өндөр шаардлага тавих чиглэл гарлаа. Одоогоор tender.mn сайтад 46 компани хар жагсаалтад орж, тендерт оролцох эрхээ хасуулсан байна.

Захиалагчаас 107 компанийг хар жагсаалтад оруулах санал ирж, хяналт шалгалт хийгдэж байна. Аравдугаар сарын сүүлээр хяналт шалгалт дуусаж, эцсийн шийдвэр гарна. Энэ талаар олон нийтэд зарлана" хэмээн ярилаа.

Хуулиараа хар жагсаалтад орсон компаниудын хугацаа гурван жил үргэлжилдэг байна. Хар жагсаалтад орсон компаниуд нь гадаад болон дотоодынх.

Төрийн худалдан авах ажиллагааны хуульд зааснаар тендерт оролцохдоо илт худал баримт бичиг бүрдүүлсэн нь нотлогдсон, санхүүжилтээ авчхаад гэрээний хэрэгжилтийг хангаагүй, хуулийн этгээдийн эзэн нь авлига болон албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон бол хар жагсаалтад оруулдаг байна.

"Наймдугаар сард ЗТХЯ-наас 23 компанийг хар жагсаалтад оруулах санал ирүүлжээ. Сангийн яамны улсын байцаагч нар аравдугаар сарын 25-ныг хүртэл хяналт шалгалт хийж байна. Үүний дараа хар жагсаалтад оруулах эсэх улсын байцаагчийн дүгнэлт гарна" хэмээн хэллээ.

ШУУД ҮЗЭХ:

Өнөөдөр: 

  • Монгол Улсын 2024 оны төсвийн төслийн талаар (танилцуулга),
  • Төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж байгаа төсөл, арга хэмжээний хэрэгжилтийг сайжруулах, дуусаагүй барилга байгууламжийг ашиглалтад оруулах талаар холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлэх талаар,
  • Төрийн албаны сэргэлтийн хүрээнд бодлогын түвшинд хэрэгжүүлэх ажлын талаар,
  • Монгол Улсын Ерөнхий сайдын Дархан-Уул, Сэлэнгэ, Архангай аймагт ажилласан дүн,
  • “Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сангийн талаар авах арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл зэрэг 22 асуудал хэлэлцэх болон танилцжээ.