Монгол Улсын арилжааны банкууд хамтран Монголбанкны дэмжлэгтэйгээр үүсгэн байгуулсан “Тэрбум мод сан”-гийн гүйцэтгэх захирлаар 2023 оны 9-р сарын 1-ний өдрөөс Баярбаатарын Баярмаа томилогдон ажиллахаар боллоо.
Сангийн Удирдах зөвлөлийн дарга, гишүүд шинээр томилогдож буй Гүйцэтгэх захирал Б.Баярмаад Сангийн цаашдын үйл ажиллагааг өргөжүүлэн, олон улсын Сангуудын жишигт үйл ажиллагаагаа нийцүүлэх, нээлттэй, ил тод, зохистой засаглалын зарчмыг баримтлан, оролцогч талуудтай нягт хамтран ажиллаж, сангийн үйл ажиллагааг нийтэд таниулах хүндтэй үүргийг хүлээлгэн өгч, баяр хүргэлээ.
Б.Баярмаа нь банк санхүүгийн салбарт тасралтгүй 24 жил ажилласан арвин туршлагатай бөгөөд Монгол Улсын томоохон арилжааны банкуудад Гүйцэтгэх захирлын орлогчоор ажиллаж байсан, банкны салбарын туршлагатай удирдагч, манлайлагч юм.
Тэрбум мод санг 2022 оны “Ногоон санхүүжилт - Бүс нутгийн чуулган”-ы үеэр үүсгэн байгуулж, үйл ажиллагааг эхлүүлэн, арилжааны банкнуудын хандивыг тус Санд төвлөрүүлж, анхны төслийн нээлттэй сонгон шалгаруулалтыг явуулж, нийт шалгарсан 34 төсөлд 1.3 тэрбум төгрөгийн грант санхүүжилтийг олгосон байна. Сан нь Монгол Улсын ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод үндэсний хөдөлгөөн”-ийг дэмжих зорилгын хүрээнд уур амьсгалын өөрчлөлттэй дасан зохицох чиглэлээр баримталж буй бодлогын уялдааг сайжруулахын зэрэгцээ байгаль орчны салбарт санхүүгийн тогтвортой механизмыг бий болгох, тэр дундаа ойн салбарын санхүүжилтийг төрөлжүүлэн, салбарын онцлогт тохирсон шинэлэг санхүүжилтийн төрлийг нэмэгдүүлэхээр ажиллаж байгаагаараа онцлогтой юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!