ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/08/29-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Ганзориг: “Чи хажуудаа байгаа хүний нүүрийг харах уу" гэж хөгжлийн бэрхшээлээр нь бусдыг доромжилсон З.Төмөртөмөө дарга төрийн албанд ажиллах эрхгүй

П.Сайнжаргал, IKON.MN
2023 оны 8 сарын 29
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Нийслэлийн удирдлагууд хараагүй иргэнийг бэрхшээлийнх нь байдлаар доромжилсон асуудлаар "Монголын хараагүйчүүдийн үндэсний холбоо"-ноос хэвлэлийн бага хурал зохион байгуулж, шаардлага хүргүүлэв. 

Тодруулбал “Чи хажуудаа байгаа хүний нүүрийг харах юм уу" гэж хараагүй иргэнийг доромжилсон Нийслэлийн Засаг даргын орлогч З.Төмөртөмөөд хариуцлага тооцохыг шаардаж буйгаа тэд хэллээ.  

Монголын Хараагүйчүүдийн Үндэсний Холбоо (МХҮХ)-ны ерөнхийлөгч Б.Ганзориг "2023 оны тавдугаар сард З.Төмөртөмөө дарга, холбогдох газар, хэлтсийн дарга нартайгаа манай холбооны үйл ажиллагаатай танилцахаар ирсэн. Тухайн үед "Та бүхэнд ямар хүндрэлтэй асуудал тулгарч байна вэ" гэж биднээс асуусан. 

МХҮХ-ны байр, үйлдвэр хуучирч, муудсан учраас тохижилт хийх нэн шаардлагатай. Түүнчлэн гадна талбайд ус, шавар шавхай их тогтдог учраас хараагүй иргэд зорчиход хүндрэлтэй байгааг хэлсэн. 

Бидний зүгээс олон жил ярьж буй өнөөх асуудлаа л тавьсан гэсэн үг. Улмаар З.Төмөртөмөө дарга "Дээрх асуудлыг шийдвэрлэх боломжтой" гэж бидэнд амласан байдаг.

Энэхүү тохижилтын ажлыг хийхийн тулд эхлээд зураг төсөл хэрэгтэй гэж тэд хэлсэн. Тиймээс зургаадугаар сарын эхээр зураг төслөө хийлгэхээр холбогдох компанид хандаж, тухайн зураг маань 21 хоногийн дотор гарсан.

Дараа нь Хот байгуулалт, хөгжлийн газарт зургаа өгсөн. Хот байгуулалт, хөгжлийн газрын ерөнхий архитектур гарын үсэг зурснаар тухайн зураг төсөл баталгааждаг юм билээ. Ерөнхий архитектур гадаад руу долдугаар сарын эхээр томилолтоор явсан учраас долдугаар сарын 7-нд гарын үсэг зурснаар баталгаажсан. 

Үүний дараа Цэвэр агаар төсөл дээр зургаа бариад очсон чинь магадлан хийлгэ гэсэн. Энэ мэтчилэн зураг төслөө хөөцөлдөж явсаар долдугаар сарын сүүлээр батлагдсан" гэв. 

"Өөр оронд хөгжлийн бэрхшээлээр нь бусдыг ингэж доромжилсон бол төрийн албанд байтугай, хүний төлөө ажиллах эрхгүй болно"

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Тэрбээр үргэлжлүүлэн "Энэ ажлыг хийх санхүүгийн эх үүсвэр нь хаанаас гарч байгааг тодорхойлох хэрэгтэй байсан. "Цэвэр агаар сангаас санхүүгийн эх үүсвэр тодорхойлсон бичиг өгөөч ээ" гэхэд тэд нар бичиг өгөөгүй.

Тэр үед “Танай ажил ингээд өнгөрсөн. Хугацаа нь болчихсон учраас санхүүжүүлэх боломжгүй” гэх хариуг өгсөн. 

Ийм асуудал тулгарсан учраас З.Төмөртөмөө даргад хандаж, тодруулахад “Та нар зургаа хийлгэхгүй удсанаас болж тохижилтын ажлыг хийх боломжгүй болсон. Та нартай уулзахгүй” гэх маягаар хандсан. 

Улмаар би твиттер хуудаснаа “З.Төмөртөмөө дарга хараагүйчүүдийг хуурлаа” гэж сэтгэгдлээ бичсэн байдаг. Гэтэл өнгөрсөн долоо хоногийн Пүрэв гарагт З.Төмөртөмөө дарга өөрөө над руу утсаар ярьсан. “Ганзоригоо чи аятайхан байгаарай” гэж намайг заналхийлсэн.

"Бид ажил эхлүүлээд, ажил яриад явсны хувьд цаг гаргаж өгөөч ээ, нүүр нүрээ харж байгаад асуудлаа яръя" гэсэн.

Гэтэл З.Төмөртөмөө дарга “Чи хажуудаа байгаа хүний нүүрийг харах уу“, “Чи хүний нүүр харж чадах юм уу” гэж хараагүй байдлаар минь ялгаварлан доромжилсон. Энэ бол төрийн өндөр албан тушаалтны зүгээс гарамгүй хандлага.

Дуртай үедээ сэтгэлийн хөөрлөөр хараагүй хүмүүст гадна тохижилтыг нь хийж өгнө гэж шоудаад, дургүй нь хүрвэл бусдыг заналхийлж, доромжилдог авир төрийн албан тушаалтанд байж болохгүй. 

Жишээ нь Токио хотын даргын орлогч хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг ингэж доромжилсон бол тэр хүн өнөөдөр төрийн албанд байтугай, хүний төлөө ажиллах эрхгүй болно. Энэ мэтчилэн хандлага манай дарга нар, нийт төрийн албан хаагчийн үнэн нүүр царай юм уу гэж эмзэглэж байгаа" гэлээ. 

Иймд Ерөнхий сайд, Нийслэлийн Засаг дарга нар З.Төмөртөмөөд зохих арга хэмжээг авахыг шаардаж байна. Хөгжлийн бэрхшээлээр нь ялгаварлаж, хэлсэн үгэндээ уучлалт гуйх, мөн МХҮТ-ийн гадна тохижилтын ажлыг хийж өгнө гэсэн амлалтаа биелүүлээч гэсэн үндсэн шаардлагуудыг тавьж байна гэдгийг тэрбээр нэмж ярив. 

"Төрийн удирдлагууд хөгжлийн бэрхшээлтэй иргэдээр дуртай цагтаа шоудаад, дургүй нь хүрвэл ялгаварлан гадуурхаж байна"

МХҮХ-ны гишүүд "Сүүлийн үед нийслэл, төр, захиргааны удирдлагууд сонгууль дөхөхөөр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ТББ-ууд дээр ирж шоуддаг болжээ. 

Тухайлбал Баянгол дүүргийн Засаг дарга асан Ө.Сумъяабаатар хүүхдийн баяраар ирж, бэлэг гардуулах далимдаа манай цахилгааны асуудлыг засварлана гэсэн. Гэтэл одоо барилгын цахилгааны асуудал гал гарахад бэлэн болсон, огт шийдээгүй. 

Төрийн түшээд, удирдлагууд хөгжлийн бэрхшээлтэй иргэдээр дуртай цагтаа шоудаад, дургүй нь хүрвэл бэрхшээлийнх нь байдлаар ялгаварлан гадуурхаж, доромжилж байна. Дахиад ийм зүйл гарвал бид дараа дараагийн тэмцлийн бүхий л арга хэмжээг авах болно" хэмээв. 

Мөн тэдний зүгээс "Бид З.Төмөртөмөө даргатай хувь хүнийх нь үүднээс харьцаагүй.

Нийслэлийн Засаг даргын орлогч гэдэг утгаар түүнтэй харилцсан. Тэр хүний амнаас гарсан үг бол Нийслэлийн Засаг даргын орлогчийн үг гэж хүлээн авч байгаа. Энэ хариуцлагагүй даргадаа хариуцлага хүлээлгэ гэж дахин уриалмаар байна" гэж байр сууриа илэрхийллээ.