Түүх, соёлын үл хөдлөх дурсгалууд дээр нэрээ бичиж сийлсэн, сүү, тос өргөж бохирдуулсан зэргийг сэргээн засварлах ажлыг Соёлын Өвийн Үндэсний Төвийн судлаачдын баг гүйцэтгэж байгаа аж.
Хүмүүсийн буруу сүсэг бишрэлээс үүдэн түүхэн дурсгалт хад, чулуу, хүн чулуун хөшөөнүүд бохирдох үзэгдэл их байна. Үүнтэй холбоотойгоор манай төвөөс шат дараалсан арга хэмжээ авч байна.
Тодруулбал Соёлын биет өвийг сэргээн засварлах газар болон Хадгалалт хамгаалалт, технологи судалгааны газрын судлаачид хамтран ажиллаж байгаа. Тайхар чулуу, Хархорумын Мэлхий чулуу, хүн чулуун хөшөөг хугалсан байсныг наах, хадны бичээсийг бохирдуулж, балласан тохиолдолд сэргээн засварлах ажил үргэлжилж байна.
Хамгийн гол нь соёлын өвөө эх төрхөөр нь хадгалж, хамгаалах нь чухал байгааг Соёлын Өвийн Үндэсний Төвийн авран хамгаалах, эрсдэлийн судалгааны газрын шинжээч Б.Эрдэнэсувд хэллээ.
Бохирдуулсан хад чулуун дурсгалыг хэрхэн сэргээн засварлаж байгаа талаар түүнээс үргэлжлүүлэн тодрууллаа.
Тэрбээр "Бид Архангай аймгийн Тайхар чулууны дурсгалыг 2021 онд цэвэрлэж байсан. Тайхар чулуун дээр эртний түрэг бичээс болон монгол бичгээр бичсэн олон үеийн дурсгалууд хадгалагддаг.
Гэтэл хүмүүс өөрийнхөө нэрийг бичиж сийлэх, анги хамт олноороо өөрсдийнхөө он сарыг бичих зэргээр түүхэн соёлын дурсгалаа баллаад байна. Иймээс тухайн түүхэн дурсгалаа гэмтээхгүйгээр яаж арилгах талаарх судалгааг Соёлын Өвийн Үндэсний Төвөөс хийсэн. Улмаар удаан хугацааны судалгааны үр дүнд сэргээн засварлаж, цэвэрлэх ажлыг гүйцэтгэж байгаа.
Жишээлбэл хад, чулуун дурсгалыг биологийн бохирдлоос гадна хүний буруутай үйл ажиллагаа хамгийн их гэмтээж байна. Соёлын биет өвийг будаж баллах, сийчих үйлдэл нь тухайн дурсгалын үнэ цэн, гаднах эх төрхийг алдагдуулдаг.
Удаан хугацааны туршид шат дараатай цэвэрлэх шаардлагатай бохирдол ч үүссэн байдаг" гэлээ.
Үргэлжлүүлэн "Төв аймгийн Дэлгэрхаан сумын Цогтын хадны бичиг нь ЮНЕСКО-гийн дэлхийн баримтат өвийн жагсаалтад бүртгэгдсэн, алдартай дурсгал. Гэтэл хүмүүс буруу сүсэг бишрэл, зан үйлээр хандан маш их шар тос асгасан байсан. Үүнийг бид цэвэрлэж, сэргээсэн.
Сүү, тос цацах, тахих зан үйл үйлдэх зэрэг нь байгаль дээр ил байгаа соёлын өвийн дурсгалуудыг гэмтээж, улам бохирдуулж байна. Жишээ нь тос, сүүгээр бохирдсон дурсгалууд дээр ялаа шумуул бөөгнөрөх, шувууны сангасаар бохирдох асуудал үүсдэг.
Хөшөө дурсгал дээр чулуу, төмөр эсвэл гаднын биетээр ямар нэгэн зүйл сийлж бичсэнийг сэргээх нь хамгийн хэцүү" гэдгийг учирлалаа.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!