Л.Ариунтуяа: Улаанбаатар хот 461 километр үерийн далантай болсноор иргэдээ хамгаалах урьдчилсан төлөвлөлт гарсан
Нийслэлийн Онцгой Комисс(НОК)-ын бүрэлдэхүүн өнөөдөр үерт автсан хэсэгт ажиллаж, хэрэгжүүлж буй арга хэмжээний талаараа мэдээллээ.
Энэ үеэр Геодези, усны барилга, байгууламжийн газрын дарга Л.Ариунтуяа "Долдугаар сарын 3-наас эхлэн хоёр өдөр, хоёр шөнө Геодези, усны барилга байгууламжийн газар болон нийслэлийн инженерийн барилга байгууламжийн бүх газар, алба хэлтэс хүчитгэн ажиллаж байна.
Үерийн далангийн ойр орчимд байгаа айл өрхүүд сонор сэрэмжтэй байх шаардлагатай" гэсэн юм.
НОК-оос өнөөдөр 03:50 цагаас эхлэн иргэдийн автомашиныг гараашаас нь гарган ажиллаж байгаа бөгөөд эзэнгүй үлдээсэн машинууд усанд автсан байх магадлалтайг тэрбээр мөн хэлэв.
Нийслэл хотод Баруун дөрвөн замаас Хархорин хүртэл өргөлтийн ганц насос бий аж. Хэрэв Улаанбаатар хотыг усгүй байлгая гэвэл дөрвөн талд нь насос өргөлтийн станцууд хийх ёстой юм байна.
Геодези, усны барилга, байгууламжийн газрын дарга Л.Ариунтуяа "Ус зайлуулах хоолой, шугам сүлжээ хийгээгүй зэрэг төсөв мөнгөтэй холбоотой асуудал бий. Гэхдээ өнөөдөр бид үерийн гамшгийн нөхцөл байдалд ажиллаж байна. Энэ нь төлөвлөлтгүй барилга, ямар ч зохион байгуулалтгүйгээр газар олгож байгаатай шууд холбоотой.
Улаанбаатар хот цаашдаа 461 километр үерийн далантай болсноор иргэдээ хамгаална гэсэн урьдчилсан төлөвлөлт гарсан" хэмээв.
2020 онд гэхэд нийслэлд их хэмжээний ус тогтдог 25 байршил байв. Харин Геодизи, усны барилга байгууламжийн газраас холбогдох байгууллагуудтай хамтарч ажилласнаар Имарт, Эрэл, Энхболд, Энхбаярын зам зэрэг 17 байршлыг усгүй болгожээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
