Улаанбаатар Аялал жуулчлалын холбооноос хийсэн энэ зун дотоодын жуулчид хаашаа аялах, энэ жилийн трэнд чиглэл аль бүс байх талаарх судалгааг хүргэж байна.
Тус судалгаагаар энэ жилийн наадмын дараа Улаанбаатар хотоос орон нутгийг зорих жуулчдын тоо өмнөх жилүүдээс 12-15 хувийн өсөлттэй буюу 7,8-р сард нийт 860-883 мянган дотоодын жуулчид Монгол орноор аялж багадаа 211,9-220,8 тэрбум төгрөгийн эдийн засгийн эргэлт үүсгэнэ гэсэн тооцоо гарчээ.
Дотоодын жуулчид тавдугаар сарын сүүлээс эхэлж Монгол орны нутгаар тойрон аялж эхлэх боловч гол масс нь наадмын дараах амралтын өдрүүдэд аялалд гардаг.
Аялагчдын гол ачаалал өмнөх жилүүдийн адил Хангайн бүс буюу Архангай, Өвөрхангай, Завхан, Хөвсгөл аймаг болон хот орчимд төвлөрөх хэвээр байна. Энэ жилийн дотоодын аялагчдын урсгалд наадмын дараах олон өдрийн амралт болон таван аймаг, 46 сумын тэгш ой тохиож байгаа нь хамгийн их нөлөөлөл үзүүлж байна.
Дотоодын аялагчид жил бүр тухайн жилийн тренд болсон үзмэр, зорих газар луу аялдаг онцлогтой.
2022 онд дээрх газар луу аялах жуулчдын цуваа тодорхой хэмжээнд байх боловч шинэ тренд зорих газар Говь-Алтай аймаг, Ээжхайрхан” орчим болох төлөвтэй байна.
Аялагчдын ихэнх нь хэвтээ тэнхлэгийн мянганы замаар аялж Архангай аймаг, цаашлаад Завхан аймгаас тодорхой бүсүүд рүү чиглэх эсвэл буцахдаа энэ замаар явах тул энэ орчимд жуулчдын ачаалал хамгийн их байна.
Хөвсгөл, Завхан аймагт 137-141 мянган аялагчид аялах тооцоотой ба үүний тодорхой хувийг Баруун аймаг, Дархан-Сэлэнгэ, Баянхонгор аймгуудаас аялах аялагчид эзэлнэ.
Энэ жилийн шинэ тренд болох магадлалтай Баянхонгор, Говь-Алтай аймаг 60-63 мянган жуулчин хүлээж авах магадлалтай. Дархан Сэлэнгэ аймагт нийт 85-87 мянган жуулчин аялах магадлалтай ба ихэнх гол масс нь наймдугаар сард тохиох магадлалтай байна. Энэ бүсийн жуулчдын массад жимс түүх сонирхолтой хотын аялагчид нөлөөлөл үзүүлж байна.
Автомашинаар Монгол орны үзэсгэлэнт байгалиар тойрон аялах аяллын хэлбэр сүүлийн жилүүдэд дотоодын аялал жуулчлалд зонхилж байна.
Энэ жил мөн ялгаагүй автомашинтай аялал зонхилох төлөвтэй ба нийт аялагчдын 70 хувь нь автомашинтай тойрон аяллыг сонгохоо илэрхийлжээ. Мөн тусгай сонирхлын бусад аяллын хэлбэрийг туршиж үзэх сонирхолтой байдаг ба үүнд морин аялал, шувуу ажиглах аялал, дугуйн аялал, явган аялал, мото аяллыг турших хүсэлтэй байдаг аж.
Жишээлбэл, зарим аялагчид орон нутагт очихдоо өдрийн дугуй аялал эсвэл морин аялал хийдэг бол залуучууд өдрийн явган аялал хийх сонирхолтой болжээ.
Түүврийн судалгаагаар нийт аялагчдын 52.1 хувь нь 7-10 хоног аялахаар төлөвтэй байгаа боловч, тооцооллоор харьцангуй багасаж, 47.5 хувь болж буурч, 11-15 хоног аялах жуулчдын хувь 24-с 26 хувь болж нэмэгдэх хандлагатай.
Мөн 4-6 хоног аялах аялагчдын эзлэх хувь 16-аас 20 хувь болж нэмэгдэх дүр зураг ажиглагдаж байгаа ба Улаанбаатар хотын иргэдийн хот орчимд 1-3 хоног аялах давтамж нэмэгдэж, аялагчдын хувь 15 хувь хүртэл өсөж магадгүй байна.
Аялагчдын ихэнх нь буюу 33 хувь нь аялалд 1.0-1.2 сая төгрөг зарцуулахаар төлөвлөж байгаа бол 14 хувь нь 1.3-1.5 сая, 14.5 хувь нь 1.5-2.0 сая төгрөг зарцуулахаар төлөвлөжээ. Нийт аялагчдын 10.9 хувь нь буюу залуучууд 700-900 мянган төгрөг зарцуулахыг хүсэж байна.
Залуучууд аль болох хямд, өөрөө аялах сонирхол ажиглагдаж байгаа бол дундаас дээш насны хүмүүс гэр бүлээрээ илүү их мөнгө зарцуулж, тав тухтай аялах сонирхолтой байгаа нь ажиглагдаж байна.
Дотоодын аялал жуулчлалд гэр бүлийн аялал зонхилох нь хэвийн буюу сайн үзэгдэл боловч найз нөхдийн аялал зонхилох нь тодорхой сөрөг үр дагаврууд дагуулдаг.
Өнөөгийн дотоодын аялал жуулчлалд найз нөхдийн аялал ихэвчлэн байгаль орчинд сөөрөг нөлөөтэй, төлөвлөлт, зохион байгуулалт муутай байгаа нь олон асуудалд сөөргөөр нөлөөлж байна. Энэ хүчин зүйлээс шалтгаалж, нийт жуулчдын ердөө 19 хувь нь найз нөхдөөрөө аялах тооцоолол гарч байна. Үүнд гэр бүлийн найзуудын аялал тооцогдоогүй болно.
Аялал жуулчлалын бүх хэлбэрт тур оператораар дамжин явагдвал нийгэм, соёлын сөрөг үзэгдэл багатай, эдийн засагт үр ашигтай байдаг.
Сүүлийн жилүүдэд тур операторын аялалд хамрагдах хүсэлтэй аялагчдын тоо өсөж байна.
Мөн сүүлийн жилүүдэд өөрөө бие даан аялал зохион байгуулж буй “үүргэвчтэй” аялагчид олшрох хандлагатай байгааг харгалзан үзвэл 2023 онд ойролцоогоор 100,000-112,000 аялагч тур операторын үйлчилгээ авах эсвэл өөрсдөө аяллаа зохион байгуулах прогнозтой байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!