Зураг
Зураг

Зеленскийгээс өөр хүн Украины өмнөөс дайныг дуусгах яриа хэлэлцээнд оролцох цаг болсныг Трамп сануулав

Т.Давааням, ikon.mn
48 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Reuters агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Даваа гарагт АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп хэлэхдээ Оростой хийж буй дайныг дуусгахын тулд Украины өмнөөс ерөнхийлөгч Володимир Зеленскийгээс өөр хүн яриа хэлэлцээнд оролцох тохиромжтой байж магадгүй гэсэн байр суурь илэрхийлжээ.

"Магадгүй Зеленский яриа хэлэлцээнд оролцох өөр хүн олох цаг болсон байх" гэж Трамп хэлсэн байна. Тэрбээр өмнө нь аравдугаар сарын 10-ны өдөр ерөнхийлөгчөө солихыг Украины ард иргэдэд уриалж байсан удаатай.

Трамп мөн АНУ-ын засаг захиргаа Украинтай тагнуулын мэдээлэл хуваалцсаар байгаа, дайн дуусах хүртэл АНУ-д "түр хамгаалалтын статус"-тайгаар оршин суухыг украинчуудад зөвшөөрөх боломжийг авч үзэх бодолтой байгаагаа энэ үеэр мэдэгджээ.

Даваа гарагт бас АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио тагнуулын мэдээллээ Украины талтай хуваалцахыг хязгаарласан гэх мэдээллийг үгүйсгэсэн байна.

Зеленский өмнө нь Оросын баллистик пуужингийн цохилтын талаар урьдчилан анхааруулга өгөхөө хэсэг хугацаанд зогсоосон гэж АНУ-ын засаг захиргааг буруутгаж байсан юм.

Харин өчигдөр Узбекистанд сэтгүүлчидтэй уулзах үеэрээ Рубио тагнуулын мэдээлэл солилцох үйл явцад "ямар ч завсарлага гараагүй" гэж мэдэгджээ.

"Тэр эдгээр зүйлийг хаанаас олж сонссон, яагаад хэвлэл мэдээллийн хэрэгслээр ийм зүйл ярьж байгааг би мэдэхгүй байна. Түүний анхаарах ёстой зүйл, мөн бидний анхаарахыг хүсэж буй зүйл бол энэ дайныг дуусгах явдал юм" гэж Рубио хэлсэн байна.

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп, Украины ерөнхийлөгч Володимир Зеленский нарын харилцаанд сүүлийн өдрүүдэд хурцадмал байдал үүсээд байгаа. Энэ нь Трампын зүгээс Оросоос дизель түлш авах гэрээ байгуулахын тулд тус улсад ногдуулсан хоригийг цуцлах шийдвэр гаргасантай холбоотой байв.

Даваа гарагт Орос улс Украины хэд хэдэн бүс нутагт эрчим хүчний байгууламж болон бусад дэд бүтцэд агаараас довтолсны улмаас дор хаяж 550,000 өрх цахилгаангүй болсныг Зеленский мэдээлжээ.

"Оросын баллистик пуужингийн бас нэг халдлага өнгөрсөн шөнө хэд хэдэн ээлжээр явагдахад манай түншүүдээс дахиад урьдчилж мэдээлсэнгүй” гэж тэр сошиал хуудсандаа бичээд Украины агаарын хүчинд ирэх ёстой байсан пуужингийн тээвэрлэлт саатсаныг бас дуулгасан байна.

Оросын батлан хамгаалах яам Киев хот болон түүний ойр орчмын бүс нутагт нийт 16 баллистик пуужингаар довтолсноо мэдээлжээ. Мөн бусад бүс нутгуудад 200 гаруй нисгэгчгүй онгоцоор довтолсон байна.

Албаны хүмүүсийн мэдээлснээр Киев хотод 21 настай эмэгтэй амиа алдаж, өөр найман хүн шархаджээ.

Үүнээс гадна Украины зүүн өмнөд хэсэгт орших ерөнхийлөгч Зеленскийн төрөлх хот болох аж үйлдвэрийн төв Кривий Рог хотод Оросын пуужингийн цохилтын улмаас дор хаяж хоёр хүн амиа алдсан байна.

Украины зүүн хэсэгт орших Харьков мужид Оросын нисгэгчгүй онгоцны дайралтын улмаас зургаан хүн амиа алдсан тухай тус мужийн цэргийн захиргааны тэргүүн Даваа гарагт мэдээлжээ. Олег Синегубов "Амиа алдагсдын дунд гурван хүүхэд байна" гэж сошиал хуудсандаа бичсэн байна.

Уг халдлага Харьков мужийн төвөөс баруун өмнө зүгт 30 орчим километрийн зайд орших Нова Водолага суурингийн төв хэсэгт байрлах цэцэрлэгт хүрээлэнд болсон юм.

Зеленский энэхүү халдлагыг "жинхэнэ харгис хэрцгий үйлдэл" хэмээн тодорхойлжээ.

 

Эх сурвалж: Reuters