Д.Мөнхбаатар: Ирэх оноос хийн түлшинд шилжүүлэх ажлыг үргэлжлүүлнэ
Өнгөрсөн онд нийслэлийн Баянгол, Чингэлтэй дүүргийн 5,000 өрхийг хийн түлшинд шилжүүлж, 4,000 өрхийн гэр, байшинг дулаалж, 27 хий цэнэглэх цэг байгуулжээ.
Хийн түлшний шилжилтийг үргэлжлүүлэх эсэх талаар Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Д.Мөнхбаатар "2025-2026 оны халаалтын улиралд хэрэгжүүлсэн ажлын үр дүнг үнэлж, ирэх оноос хийн түлшинд шилжих ажлыг үргэлжлүүлнэ. Хийн түлш нь тэсэрч, дэлбэрэх аюулгүй. 2026-2027 онд агаарын бохирдлыг дахин 5%-аар бууруулахаар тооцоолсон" гэлээ.
Өнгөрсөн онд 35 уурын зуухыг хийн түлшинд шилжүүлсэн бол энэ онд найман уурын зуухыг хийн түлшинд шилжүүлэх бөгөөд үүнээс хоёр зуухыг хийн түлшинд холбожээ.
Харин хотын дарга Б.Пүрэвдагва энэ өвөл гэр хорооллын 6,000-10,000 айлд цахилгаанаар халдаг дулаан хураагуурыг туршихаар төлөвлөснийг танилцуулж байв.
Тэрбээр "Гэр хорооллын 5,000 айл өрхийг хийн зууханд шилжүүлсэн ч өндөр өртөгтэй бөгөөд зөвхөн хийн зуух нь 6.5 сая төгрөгийн үнэтэй, үүн дээр тухайн айл хийн газ худалдаж авч хэрэглэдэг. Эдгээр айлуудад нэг өвлийн турш нийслэлээс 900,000 төгрөгийн урамшуулал өгч байгаа нь удаан үргэлжлүүлэх загвар биш" гэж тайлбарласан юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

