Уншиж байна ...

Дулаалга хийсэн 5,000 айлд Эрхүүгийн хувийн нефтийн компаниас LPG авч хэрэглүүлэхээр гэрээ байгуулжээ

Д.Янжиндулам, ikon.mn
2025 оны 11 сарын 28
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Энэ жил 5,000 айлыг хийн түлшинд шилжүүлэхээр дулаалгыг хийж буй. Эдгээр айлуудыг Эрхүүгийн хувийн нефтийн компаниас хийн түлшээр хангахаар болсон байна.

НИТХ-ын хуралдааны танхимд хотын дарга Х.Нямбаатар энэ талаар "Хий хангамжийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бүх компани болон хий үйлдвэрлэгчдийн холбоотой уулзсан юм. Эд нар 5,000 айлыг хийгээр хангаж чадахгүй гэдгээ хэлсэн. Дашваанжил компанийн захирал, талийгаач Баатаржав гуай хүртэл хоёр удаа ирсэн.

Бид арга бараад өөрсдөө гадаад худалдаа эрхлэхээр шийдэж, ОХУ-ын нефтийн хоригтой холбоотой асуудлыг тойрч гарахын тулд аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар байгуулаад Газпром болон бусад компанитай гэрээ байгуулалгүйгээр Эрхүүгийн хувийн нефтийн компаниас 5,000 айлын хэрэглээнд тохирсон LPG хийн хангамжийн тээвэр ложистик болон гадаад худалдааны гэрээ байгуулсан юм. Яг энэ мөчид Алтанбулагийн хилээр эхний ээлжийн хийн хангамжийг ачсан цистернүүд орж ирж байна.

Уг нь Юнигаз, Дашваанжил компаниас хийн түлш аваад ойролцоох компаниудаар жижиглэнгийн түгээлт хийлгэе гэж ярьсан ч бүтээгүй.

Хойд Америк, Европт хэрэглэдэг NP гэдэг технологи, стандартыг Монгол Улсад нутагшуулахаар зөвшөөрлийг авсан.  NFPA гэдэг нь тэсрэлт, дэлбэрэлт гарахаас урьдчилан сэргийлсэн технологи. 5,000 айлд  NFPA стандартаар Хятад улсад үйлдвэрлэсэн төхөөрөмжүүдийг өгнө.

Нэгдүгээр сарын 10-н гэхэд 5,000 айл хийн түлшинд бүрэн шилжинэ, гал түлэхгүй.

Импортоор орж ирэх хөөсөнцрийн нийлүүлэлт удааширснаас Чингэлтэй дүүрэгт дулаалгын ажил саатсан. Хийн зуухнууд хилээр орж ирж байгаа. 

2026-2027 онд 50,000 айлыг галлагаанаас хийн түлшинд шилжүүлнэ" гэж мэдээллээ.

Хүйтний оргил сар буюу 11, 12, 1, 2 дугаар сард 5,000 айлыг сард 2,200 тонн LPG хий хэрэглэнэ гэж тооцоолжээ. Хэрэглэгчид нэг килограмм LPG-ийг 2,400 төгрөгөөр худалдах юм байна. 

Ч.Батзоригийн ахалж байгаа тархмал эх үүсвэрийн төслийн нэгж нь ирээдүйд байгалийн хий Улаанбаатар хотод орж ирэхийг угтаж тархмал эх үүсвэрүүдийг болгох, түүнтэй холбоотой шугам сүлжээг төр, хувийн хэвшлийн түншлэлээр байгуулах чиг үүрэгтэй бөгөөд байгалийн хий буюу LNG хий орж ирэхээр LPG хийн хэрэглээ халагдах гэнэ.