ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/06/17-НД НИЙТЛЭГДСЭН

Украины дайны төв цэг Бахмутаас Мариуполь руу шилжиж эхэлснийг мэдэгдэв

Т.Давааням, ikon.mn
2023 оны 6 сарын 17
iKon.MN
Зураг зураг

Украины дайны төв цэг Мариуполь хотыг чиглэж эхэлснийг Киевийн эрх баригчид өчигдөр мэдэгджээ.

Тухайлбал дайны хамгийн ширүүн тулалдааны талбар зүүн фронт буюу Донецк мужийн Бахмут хот байхаа больж, өмнөд фронт буюу Бердянск, Мариуполь хотуудын чиглэл болсныг Украины батлан хамгаалахын дэд сайд Ханна Маляр хэлсэн байна.

Дээрх хотууд нь Азовын тэнгисийн боомт хотууд юм.

“Сөрөг давшилтын эхний долоо хоногт дайны төв цэг зүүн фронтод байсан бол одоо өмнөд фронтын Бердянск, Мариуполийн чиглэлд шилжиж эхэллээ. Зүүн фронтод дайснууд манай давшилтыг зогсоохын тулд бүх хүчээ шавхаж байна. Тэдний хүч дутагдаж байгаа. Өмнөд фронт дээр ч дайснууд төдийлөн амжилтгүй байна” гэж Маляр хэлжээ.

Тэрбээр цааш нь ярихдаа “Бүх өмнөд чиглэлийн давшилтууд ахицтай байгаа. Хохирлын хувьд Бахмут орчимд манайхаас ес дахин олон орос цэрэг алагдсан. Өмнөд чиглэлд Украиныхаас 5.3 дахин олон Оросын цэрэг алагдаад байна” гэж хэлсэн юм.

Гэхдээ тэр талуудын хохирлын хэмжээг тоогоор илэрхийлэхээс татгалзаж, үүнийг нууц байх ёстой гэжээ.

“Бид их хэмжээний хохирол амсаагүй. Гэхдээ дайн учраас хохирол мэдээж бий” гэж Маляр хэлсэн байна.

Тэрбээр бас Өрнөдийн илгээсэн байлдааны зэвсэг техникүүд олон тоогоор устгагдсан гэх ОХУ-ын ерөнхийлөгчийн мэдэгдлийг няцаажээ. Тухайлбал Британийн Challenger танк хэд хэдийг устгаснаа Путин хэлсэн юм.

“Эсрэгээрээ Өрнөдийн техникүүд манай эх орныг чөлөөлөхөд чухал үүрэгтэй, цэргүүдийн амь насыг хамгаалах чадвартай нь харагдаж байна. Тиймээс бид Өрнөдийн холбоотнуудынхаа тусламжид үнэхээр их талархаж байна. Британийн Challenger танкууд одоо агаарын десантын довтолгооны ангийн мэдэлд байгаа. Тэд тулаанд орох ээлжээ хүлээж байна” гэж Маляр ярьсан байна.

Өчигдөр Санкт Петербург хотод олон улсын эдийн засгийн чуулганд оролцож байхдаа ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин үүнээс тэс өөр тоо хэлж байлаа.

Түүний ярьснаар фронт дээр Украины хохирлын хэмжээ Оросынхоос 10 дахин өндөр байгаа гэнэ. Путин бас энэ үеэр Украины ерөнхийлөгч Володимир Зеленскийг “жинхэнэ жүүд хүн биш” гэж ярьжээ.

“Надад олон жүүд найз бий. Тэд Зеленскийг жүүд хүн биш, түүнийг жүүд гэх нь жүүдүүдийн хувьд гутамшиг гэж ярьдаг. Би тоглоогүй байна” гэж Путин ярьсан байна.

Баасан гарагт бас Оросын талаас Киев хот руу ээлжит агаарын довтолгоогоо гүйцэтгэсэн юм.

Энэ үеэр Африкийн орнуудын удирдагчид Киев хотод айлчилж байжээ. Украины дайныг зогсоож, энх тайвныг тогтооход зуучлах зорилготой тэд дараа нь Москва хотод хүрэлцэн очих төлөвлөгөөтэй юм.

Энэ довтолгооны үеэр Калибр далавчит пуужин зургаа, дуунаас хурдан Кинжал пуужин зургаа, дрон хоёрыг устгаснаа Украины арми мэдээлжээ.

Өчигдөр Брюссель хотод болсон НАТО-гийн батлан хамгаалахын сайд нарын уулзалтын дараа Германы батлан хамгаалахын сайд Борис Писториус тус улс Украинд 64 ширхэг агаарын довтолгооноос хамгаалах Patriot пуужин нийлүүлэх болсныг зарласан байна.

 

Эх сурвалж: The Guardian