Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/06/08-НД НИЙТЛЭГДСЭН

ЗӨВЛӨГӨӨ: Хэт халалтын үед авах арга хэмжээ

М.Батчимэг, ikon.mn
2023 оны 6 сарын 8
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Хэт халалт болж нарны эрчим ихсэх нь бага насны хүүхдүүд, өндөр настан болон даралт өндөртэй, зүрх судасны өвчтэй хүн, жирэмсэн эмэгтэйчүүдэд эрсдэлтэй тул дараах зөвлөмжүүдийг хүргэж байна.


Наранд цохиулах үед ухаан балартах, хүүхэн хараа өргөсөх, хамраас цус гоожих, огиулж, бөөлжих амьсгаадах, судасны цохилт олшрох, биеийн хэм 39.6-аас дээш болох, булчин өвдөх, арьс хуурайших, халах, толгой хүчтэй өвдөх, нүд харанхуйлах, толгой эргэх, бөөлжих, нүүр улайх шинж тэмдгүүд илэрдэг байна. 

Наранд цохиулж, бие нь муудсан хүнд үзүүлэх анхны тусламж:

  • Хүйтэн сэрүүн газарт оруулах
  • Хэвтүүлэн толгойг өндөрсгөх
  • Хувцсыг нимгэлэх
  • Хүйтэн чийгтэй алчуур тавих
  • Толгой, дагз духанд хүйтэн жин тавих
  • Хүйтэн ус уулгах

"Зөвхөн толгой биш биеийн бусад хэсгээр ч наршиж болно"

Наршилтаас сэргийлэхийн тулд наранд аль болох бага явж нарны шууд тусгалаас хамгаалах нүдний шил, малгай зэргийг тогтмол хэрэглэх хэрэгтэй. 

Гар, хөл, хүзүү зэргийг наранд ил гаргах хэрэггүй. Учир нь зөвхөн толгой халснаар наршдаггүй, нарны тусгалыг шууд хүлээн авч байгаа биеийн бусад хэсгээр ч наршиж болно. Тиймээс халуун өдөр майк, богино ханцуйтай цамц өмсөх биш урт ханцуйтай нимгэн цамц өмсөх хэрэгтэй.

"33-аас дээш долоо хоногтой жирэмсэн эхчүүд холын замд явахгүй байх хэрэгтэй"

Хувцаслалт:

  • Нимгэн битүү хувцас өмсөх
  • Нарны малгай өмсөх
  • Шилэн хүзүүн дээрээ хүйтэн устай алчуур 30 минут тутам тавих
  • Нарны шил зүүх
  • Хөлд эвтэйхэн, намхан ултай углааш өмсөх
  • Шүхэр авч явах

Шаардлагагүй бол гадагшаа гарахгүй байх

  • Өдрийн 11:00 цагаас 16:00 цагийн хооронд онцын шаардлагагүй тохиолдолд гэрээсээ хол гарахгүй байх
  • Олон хүн цугласан газраас зайлсхийх
  • 33-аас дээш долоо хоногтой жирэмсэн эхчүүд холын замд явахгүй байх

Хооллолт:

  • 12 ба түүнээс дээш аяга усыг балга балгаар уух
  • Шинэ жимс, жимсгэнэ идэх
  • Үзэм, нохойн хошуу, нэрс, зуун настын шүүс, тараг уух

Дараах зүйлсээс зайлсхийх:

  • Мах, махан бүтээгдэхүүнийг бага хэрэглэх
  • Давс ихтэй хоол, хиам, бяслаг, утсан бүтээгдэхүүн, шарсан төмс хэрэглэхгүй байх
  • Амтлагчаас татгалзах
  • Кофе, давс ихтэй цай уухгүй байх

Гэртээ:

  • Сэнс тавих
  • Хүйтэн усанд хөлөө дүрэх
  • Орон сууцанд байдаг бол хүйтэн бүлээн шүршүүрт орох
  • Цонхны хөшиг хаалттай байлгах, гэрийн өрх хаах

Дараах шинж тэмдгүүд илэрвэл яаралтай тусламж дуудах:

Толгой эргэх, дотор муухайрах, шилэн хүзүүгээр хөших, гар хөл бадайрах, аюулхай орчмоор өвдөх, ураг хөдлөхгүй байх, таталт өгөх, хэл ам ээдрэх, суулгах, бөөлжих шинж тэмдэг илэрсэн даруйд яаралтай тусламж дуудна уу.

Амаржих хугацаа дөхсөн болон даралт их, хавантай эмэгтэйчүүд хажуудаа асран хамгаалагч болон утсандаа нэгжтэй байх.

“Яаралтай ажилтай байсан ч хүүхдээ машинд бүү орхи”

Зуны улиралд түгжээтэй автомашин доторх температур гадаа орчныхоос +20-30 градусаар илүү болдог учир бага насны хүүхдээ машиндаа үлдээж явахгүй байхыг зөвлөж байна. Учир нь хүүхдийн бие насанд хүрсэн хүнийхээс 3-5 дахин хурдан халдаг.

Халуунд удаан байхад тархины эсүүд гэмтэж эхэлдэг. Цонхыг нээлттэй үлдээсэн ч хүүхдэд тус болдоггүй байна.

Хүүхдийг наршихаас урьдчилан сэргийлэх:

  • Ус, хярмыг бүлээнээр ойр ойрхон уулгах
  • Аль болох гэртээ байх
  • 08:00-10:00 цагийн хооронд гадаа тоглуулах
  • Урт ханцуйтай, даавуун хувцас малгай өмсүүлэх
  • Наранд удаан тоглуулахгүй байх
  • Бүлээн шүршүүрт оруулах
  • Машинд удаан байлгахгүй байх
  • Нярай хүүхдийг гадаа байлгахдаа сүүдрэвчинд байлгаж, чийглэг сэрүүн орчин бүрдүүлэх
  • Шингэнийг аль болох олон хэлбэрээр (буцалгаж ширгээсэн ус, хөргөсөн цай, жимсний шүүс, хярам) ойр ойрхон уулгах

 

Эх сурвалж: НЭМҮТ, ЭМЯ, ГССҮТ