Пауэрлифтингийн хэрэглэлтэй, хэрэглэлгүй хэвтээ шахалтын Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ)-ий талаар Монголын баг тамирчид Спортын төв ордонд хэвлэлийн хурал зохион байгууллаа.
Тус ДАШТ-д гаргасан амжилтын талаар Монголын Пауэрлифтингийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баттулга танилцуулав.
Тэрбээр "Пауэрлифтингийн хэрэглэлтэй, хэрэглэлгүй хэвтээ шахалтын ДАШТ бүх насны ангиллаар Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсын Сан сити хотод тавдугаар сарын 25-27-нд зохион байгуулагдсан.
Монголоос 28 тамирчин, багийн ахлагчаар н.Бархасбаатар, дасгалжуулагчаар Х.Энхбаатар гэсэн баг бүрэлдэхүүнтэйгээр оролцож таван алт, 10 мөнгө, зургаан хүрэл медаль хүртсэн. Таван алтан медаль хүртсэн тамирчид маань дэлхийн шилдэг хэвтээ шахагчийн цомыг авлаа. Үүнд:
Пауэрлифтингийн ДАШТ бол олимп гэсэн үг. Нийт 42 орны 600 гаруй тамирчид оролцсон. Олон насны ангиллаар зохион байгуулагддаг учраас өргөн цар хүрээг хамардаг. Шилдэг хэвтээ шахагчийн цом гэдэг нь тухайн ангилалд түрүүлсэн шилдгүүдээс гурван хүнд өгдөг. Харин манайхаас таван тамирчин шилдэг хэвтээ шахагчийн цом авсан.
Сан сити хот хүртэл маш олон цаг нисэж очсон. Монголоос Истанбул руу 10 цаг нисэж очоод, дараагийн нислэгээ 12 цаг хүлээсэн. Түүнээсээ Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Нэгдсэн Улсын Иохансбург хот руу 10 цаг ниссэн. Дараа нь Сан сити руу гурван цаг машинаар явж очсоноор тэмцээндээ оролцсон. Энэ удаагийн тэмцээнд дасгалжуулагчтай явсан учраас багийн дүнгээр хоёрдугаар байрт бичигдсэн амжилт гаргасан" хэмээн ярив.
Мөн Пауэрлифтингийн хэвтээ шахалтын төрлөөр анхны эмэгтэй дэлхийн аварга Г.Сумьяасүрэн "Өвөрхангай аймгийн Уянга сумаас ирж оролцоод ДАШТ-д түрүүлсэн. Пауэрлифтингээр хоёр дахь жилдээ хичээллэж байна. Өмнө нь чөлөөт бөхөөр барилддаг байхдаа 2022 оны улсын аваргад түрүүлснээр Пауэрлифтингийн спортоор хичээллэж эхэлсэн. Одоо бол "Могул" фитнест н.Цэлмэг багшийн удирдлага дор хичээллэж байгаа. Аавынхаа нэрийг дэлхийд гаргаж буйдаа бахархсан" хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!