Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/06/01-НД НИЙТЛЭГДСЭН

Швед улс “тамхигүй орон” болоход ойрхон байна

С.Мөнхцэцэг, ikon.mn
2023 оны 6 сарын 1
iKon.MN
Зураг зураг

Лхагва гарагт Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын гишүүн орнууд дэлхийн тамхигүй өдрийг тэмдэглэн өнгөрүүллээ.

Үүнтэй зэрэгцэн Скандинавын хойгийн 10 сая гаруй хүн амтай Швед улс “тамхигүй орон” болоход ойрхон болсноо зарлажээ.

Ийм ангиллын орон болохын тулд хүн амынх нь 5 хүрэхгүй хувь өдөр тутам тамхи татдаг байх ёстой.

2019 оны байдлаар Шведийн 15-аас дээш насны хүн амын 6.4 хувь нь өдөр тутам тамхи татдаг байжээ.

Өнгөрсөн хугацаанд энэ хэмжээ дахин буурч, 2022 онд 5.6 хувьд хүрснийг Шведийн Нийтийн Эрүүл Мэндийн Газар өчигдөр мэдээлсэн байна.

Харьцуулбал 27 гишүүн оронтой Европын Холбооны дундаж 18.5 хувь байгаа юм.

20 жилийн өмнө Шведэд хүн амын бараг 20 хувь байнга тамхи татдаг байсан нь тухайн үедээ ч бас дэлхийд дунджаас багад тооцогдож байжээ.

Шведчүүдийн тамхинаас ангид амьдрал үр дүнгээ өгч, уушгины хорт хавдрын өвчлөл эрс буурсан байна.

“Бид эхлээд олон нийтийн газарт, сургууль, боловсролын байгууламжуудад, дараа нь ресторанд, сүүлд задгай кафед, автобусны зогсоолуудад тамхи татахыг хориглосон. Үүнтэй зэрэгцэн тамхины татварыг нэмэгдүүлж, сурталчилгааг хориглосон нь чухал нөлөө үзүүлсэн юм” гэж Шведийн Хорт Хавдрын Нийгэмлэгийн тэргүүн Улрика Арехед ярьжээ.

Одоогоор Шведийн нийгмийн эмзэг бүлгийнхний дунд тамхидалт үлдээд байгааг тэр хэлж байна.

ДЭМБ-ын мэдээлснээр одоогоор дэлхийд ганцхан Туркменистан улсын хүн амын 5 хүрэхгүй хувьд тогтмол тамхи татдаг үзүүлэлтээр Шведийн өмнө явж байгаа гэнэ.

Гэхдээ энэ нь эмэгтэйчүүд тамхи татдаггүй уламжлалтай нь холбоотой ажээ. Харин эрчүүдийн хувьд тамхидалтын эзлэх хэмжээ 7 хувь байгаа гэнэ.

 

Эх сурвалж: Associated Press